Байнгын хороод Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-08 17:09:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга, Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэдэгт 100 хувь санал нэгдсэн гэдгийг Ц.Нямдорж гишүүн танилцуулав.

Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч, Монгол төрийн хүн. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Ард түмний төлөөллөөр сонгогдсон хүнийг УИХ буюу төрийн дээд байгууллагаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгах Үндсэн хуулийн заалт бий” гэв.
 
Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Мурат, "Би хуулийн байгууллага дуудах бүрт нь мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой, нотлох баримт байхгүй. Хэдий намайг олон түмэн сонгосон ч би жирийн иргэнтэй л адил. Хуулийн байгууллагын шалгалтад нэг ч удаа саад учруулаагүй" гэв.

Түүнчлэн Д.Гантулга гишүүн, “Шүүх шинжилгээний  байгууллага 3, 4-н  удаа  өөр дүгнэлт гаргасан. Миний нэр төрд зохион байгуулалттай халдах, заналхийлэх, дарамтлах үйл ажиллагаа явж байна. Цаашид хууль хяналтын байгууллагуудад шалгуулж,  үнэн, худлыг тогтоолгоно” гэлээ.

Ийнхүү нууц санал хуралт явуулахад Хууль зүйн байнгын хорооны гишүүд  Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй хэмээн үзсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй. Харин Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ