Завханд адал явдалт, эко, тусгай сонирхолын, эмчилгээ сувилгааны аяллыг хийж болно гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос энэ зун Завхан аймагт аялах гадаадын болон дотоодын жуулчдад зориулан Завхан аймгийн үзэсгэлэнт газар нутаг, түүхэн газар, буган чулуун хөшөө, сонин содон байгалийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг цахим орчин болон, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад цувралаар мэдээлж байна. Энэ үеэр тухайн газар нутагт хэрхэн ямар замаар яаж хүрэх, ямар тээврийн хэрэгслээр зорчих, хаана буудаллах гээд сонирхолтой мэдээллийг мөн өгч байгаа ажээ.
Монголын эртний түүхт хотуудын нэг Улиастай хот нь 1733 онд, Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан байна. Нийт нутаг дэвсгэрийн талбай нь 82500 км /квадрат газар нутагтай. Монгол орны баруун хойд хэсэгт Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Àлтай, Ховд, Увс аймгуудтай хиллэдэг, Хойд талаараа ОХУ-тай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1180 км алслагдсан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой, ховор ан амьтан жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм. Завхан аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь аялал жуулчлал юм. Жилийн дөрвөн улиралд байгалийн говь, хангай, ой хээрийн бүсийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгууд, Монголчуудын нүүдэлчдийн уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг юм. Тиймээс энэ зун та Завхан аймагт адал явдалт аялал жуулчлал, эко аялал жуулчлал, тусгай сонирхолын аялал жуулчлал, бүс нутгаар дамжин өнгөрөх, тойрон аялал жуулчлал, соёл- танин мэдэхүйн аялал жуулчлал, рашаан сувилалын аялал жуулчлал, эмчилгээ оношлогооны аялал жуулчлалыг хийж болно хэмээн Завханы Аялал жуулчлалын холбооноос мэдээлэв.
Монголчуудыг даадаг Очирваань хайрханы сүншигтэй Отгонтэнгэр хайрхан
Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI-VIII зуунд Түргүүд тахидаг байсан. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөгдсөн. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрханы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна. Отгонтэнгэр хайрханы төрийн тахилга 2016 онд болсон бөгөөд 20000 гаруй хүн оролцжээ. Энэ хайрханд төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэн жирийн иргэд хүртэл холоос зорьж ирэн сүслэн мөргөдөг уламжлал хэдийнэ тогтжээ.
Үр хайрлах шидтэй Даян хайрхан
Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн далайн түвшнээс 2500метрийн өндөртэй хоёр сүрлэг хайрхан бий.
Даянгийн хоёр талд хөх, Цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамалтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна. Мөн бөөгийн шашинд энэ хайрханы дэргэд эр эм хоёр мөргөл залбирал үйлдэж сүслэвээс үр хүүхэд заяадаг домтой, баатар хөвүүн заяадаг ч хэмээдэг.
Улаагчны хар нуур
Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 кмт оршдог.
Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчимын шанаанууд зэгстэй Жаахан нуур, Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48м, уртаашаа 30орчим км ,өргөн нь 5-10км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн Их бага хоёр Авгаш нэртэй арал бий. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг. Энэ нуурын эрэгт өнгөрсөн 2017 онд Нүүдэлчдийн соёлын их наадмыг зохион байгуулжээ. Говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нуурын эрэгт дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна. Завхан аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг.
Дуут хад
Завхан аймгийн Сантмаргаз сумын төвөөс зүүн хойно 23 километрт байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө Дуут буюу Дэрэн чулуу ч гэж нэрлэгддэг.
Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган чулуутай. Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна. Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж дуут чулууг хөглөж ая тоглох дуртай ажээ. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар ажээ.
Хүнгүйн гол
Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч Айраг нуурт цутгадаг гол.
Урт нь 200км, ай савын талбай нь 21,6 мянган км/кв. Усны жилийн дундаж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Уг гол нь эргийн дагуу хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой. Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм. Зундаа нар жаргах мөчид элсэн манхан дунд цэнхэртэн харагдаж намуухан зөөлөн урсгалтай гол юм. Энд мөн аялагч, жуулчид тухлах дуртай ажээ.
Загастайн давааны хүн чулуу
Хүн чулууны түүх домгийг өгүүлбэл: Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ.
Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ. Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ. Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ. Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад: - Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ. Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болжээ. Загастайн даваа нь нэг талаараа өндөр хавцал бүхий голтой, сүрдэм даваа билээ. Гэхдээ энэхүү даваагаар заавал давж Завхан аймгийн төв Улиастайд хүрч очдог байна.

Сэнжит цохио нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог. Далайн түвшнээс дээш 2773м өндөрт өргөгдсөн байна. Энэ газар элсэн манхат бүхий уулын оройд 10 м өндөр, 6-8 м өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчимын үзэсгэлэнт газар элбэгтэй байдаг. Мөн энд Мосстой тээврийн хэрэгсэлээр гарч болох ба цааш давж 30 км Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж болдог ажээ.
Дааган дэлийн буган чулуун хөшөө
Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана.
Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг. Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана. Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагддаг. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн найман ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууг засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдаг нь нилээд өндөр юм.
Хөшөө бүрийн зураг өөр өөр дүрслэл илэрхийлдэг ажээ
Хөшөөнүүдийн баруун эгнээний хамгийн хойд талаас эхлэн дугаарлаж тодруулбал: 1-р Буган хөшөө: Ягаавтар боржин чулуугаар сайтар засан үйлдсэн, өндөр нь 2,05 м, өргөн нь 0,4 м, зузаан нь 15 см. Хөшөөний гадарга нэлээд элэгдэлд орсон тул түүнд дүрслэгдсэн зүйлс дөнгөж үзэгдэх төдий болж бүдгэрчээ. Гэхдээ бугыг сонгодог аргаар үйлдсэн нь илт ажиглагдана. 2-p Буган хөшөө: Бусад хөшөөнүүдээс баруун хойшоо 9 метрийн зайд оршино. Өндөр 2,2 м, өргөн 0,38 м, зузаан 0,23 м. Ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Нүүрэн тал нь баруун тийш хандсан. Хөшөө нь дээд, доод талдаа бүслүүртэй, дээд талын бүслүүрийг хоёр зэрэгцээ шугамаар тэгш өнцөгт хонхорхой гаргаж доод талын бүслүүрийг харьцангуй өргөн хос шугамаар дүрслэн түүний хооронд гурван эгнээ жижиг зууван дүрсүүдийг цохижээ. Дээд доод хоёр бүслүүрийн хоорондох зайд бугын дүрсүүдийг сонгодог аргаар урлажээ. Буган хөшөөний урд (нарийн) талд доод бүслүүрийн доор хутга, нум сум, эсрэг талд нь бүслүүрийн дээр таван өнцөг бүхий бамбай, бүслүүрийн доор морины зургийг сийлжээ. Буган хөшөөний зүүн талын дээд хэсэгт 5,8 см голч бүхий хоёр дугуй дүрс, бүслүүрийн доор чинжаал хутга, мөн дээрхийн адил морины дүрс цохижээ. Мөн баруун талын дээд хэсэгт бугын дүрс гаргажээ. 3-р Буган хөшөө: Энэхүү буган хөшөө нь нэлээд эрт унасан бололтой. Хөшөөг ягаавтар өнгийн боржин чулуугаар гадаргыг нь сайтар засаж хийсэн боловч хожим үлэмж элэгдэж эмтэрчээ. Хөшөөний өндөр 2,8 м, өргөн 0,37 м, зузаан 0,29 м. Хоёрдугаар буган хөшөөтэй адил хос бүслүүртэй бөгөөд дээд талын бүслүүр нь хоорондоо зууван хэрчимтэй хоёр шугам, доод талын бүслүүр хоёр эгнээ жижиг дугуй үүдтэй зэрэгцээ ховилон шугамтай аж. Хөшөөний урд (нарийн) тал дахь доод бүслүүрт чинжал хутга, эсрэг талд нь (бүслүүрийн дээр) таван өнцөгт бүхий бамбай, баруун талын дээд хэсэгт дугуй дүрс, түүний дээр зөрсөн сүх дүрсэлсэн байна. 4-р Буган хөшөө: Мөн ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Өндөр 1.67м, өргөн 0.36м, зузаан 0.17м. Хөшөөний урд (нарийн) талд хадуур хэлбэрийн зүйл, эсрэг талд нь таван өнцөг бүхий бамбай, зүүн талын дунд хэсэгт дугуй хэлбэрийн хонхорхой дүрслэн гаргажээ. Хөшөөний баруун талын зураг харьцангуй сайн мэдэгдэх агаад түүний дээд хэсэгт 10 см голчтой тойрог, доор нь нарийн ховилон дээд бүслүүр, дунд хэсэгт нь хоёр морины дүрстэй. Эдгээрийн доор өнцгөн зураас бүхий доод бүслүүр байна. Бүслүүрийн доор хутга, билүү бололтой хоёр зүйл дүрсэлжээ. 5-р Буган хөшөө: Хөшөөнүүдийн баруун эгнээний хамгийн сүүлийн энэ хөшөөний өндөр 1.84 м, өргөн 0.4 м, зузаан 0.2 м. Мөн л ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөөний дээрх зураг муу хадгалагдаж үлдсэн, Доод бүслүүр нь хоорондоо хоёр эгнээ нэг цэг бүхий зэрэгцээ шугамтай, түүний дотор хутга, билүү хэлбэрийн хоёр дүрс, эсрэг талд нь таван өнцөгт бүхий бамбай, зүүн талд нь бүслүүрийн доор сэтэрхий бариултай хутга буй. 6- р Буган хөшөө: Хөшөөнүүдийн хоёр дахь эгнээний хамгийн хойд талын эл буган хөшөөг 2.5 м өндөр, 0.39 м өргөн, 0.16 м зузаан ягаавтар боржин чулуугаар үйлджээ. Хөшөө нь хоёр бүслүүртэй бөгөөд доод бүслүүр нь дундаа гурван эгнээ цэг бүхий хоёр зэрэгцээ шугам, өмнө талын доод бүслүүрийн дээр таван өнцөгт бамбай, зүүн талын дээд хэсэгт 14 см голчтой тойрог, доод хэсэгт сонгодог дүрсэлбэр бүхий сонгодог дүрслэл бүхий бугын дүрстэй ижил нэгэн зүйлийг дүрсэлсэн байв. Хөшөөний баруун талын дээд хэсэгт 15см голчтой тойрог, бүслүүрийн доор бугын дүрс байна. 7-р Буган хөшөө: Хөшөөг 2,8 м өндөр, 0,4 м өргөн, 0,33 м зузаантай ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөө нь хоёр бүслүүрээр хуваагдах бөгөөд дээд талын бүслүүр нь хоорондоо нарийн ховилон шугамаар холбогдсон дугуй нүд бүхий эгнээ аж. Доод талын бүслүүрийг есөн см өргөнтэй, дундуураа дөрвөн эгнээ цэгүүдтэй хоёр зэрэгцээ шугамаар дүрсэлжээ. Бүслүүрүүдийн дунд хэсэгт бугын дүрсийг сонгодог маягаар дүрсэлсэн. Нүүрэн (нарийн) талын бүслүүрийн доор хадуур хэлбэрийн зүүлт, хутга зэрэг дүрслэгдсэн. Нүүрэн талын эсрэг талд таван өнцөгт бүхий бамбайг, хөшөөний зүүн талын дээд хэсэгт 15 см голчтой тойрог, доод бүслүүрт нь хутга, билүү зүүлттэй байгаа мэтээр дүрслэгджээ. Эл талын доод бүлүүрийн дээр таван өнцөгт бамбай, хоёр дахь удаагаа дүрсэлжээ. Хөшөөний баруун талын дээд хэсэгт 16,5 см голчтой тойрог, доод бүслүүрт байлдааны сүх буй. 8-р Буган хөшөө: 2.75 м өндөр, 0,4 м өргөн. 0.33 м зузаантай ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөөний зураг нь бусад хөшөөний зургуудаас арай өөрөөрөө онцлогтой. Хөшөөн дээр ямар нэгэн амьтны зураг байхгүй бөгөөд дээд бүслүүр зөвхөн өнцөгт xoc ховилоос бүрдэнэ. Уг бүслүүрт цагирган сэнжтэй хутга зүүсэн мэт. Эсрэг талд нь ямар нэгэн зураг дүрс байхгүй. Хөшөөний зүүн талын гол хавьд 22см голчтой тойрог, түүний доор таван өнцөгт торлосон дүрстэй бамбай, бүслүүрийн доод хэсэгт билүү, мөн 60см урттай чинжаал хутга, хөшөөний баруун талд бүслүүрийн доор сүх мэтийг дүрсэлжээ. Дааган дэл уулаас 5км зайд буюу Отгон сум орох замд мөн бүлэг буган хөшөө (8 ширхэг) бий. Эдгээр буган хөшөөнүүд хэмжээгээрээ том биш, өндөр нь нэг метр орчим бөгөөд ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлджээ. Буган хөшөөдийн зургуудыг хөнгөн зураасаар гаргасан учир муу харагдах боловч үндсэндээ бугын зураг үзэгддэг ажээ.
Цайз хэрмийн туурь
Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт сумын төвөөс баруун хойш таван км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар юм. 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй ба харуулын цамхаг ч болж байсан түүх байдаг байна. Уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг ажээ. Хийдээр ашиглагдахдаа сүмийн оройд хоёр дугана байсан, урд үзүүрт нь нэг жижиг суваргатай, хойд талд нь арай том суваргатай дуган байсан хэмээн нутгийнхан ярьдаг. Тиймээс нутгийнхан “Сүмт толгой” гэж нэрлэдэг ажээ. Сүмт толгойн доод бэлд хоёр гэрийн буурь байдаг байна.
Б.Мягмарсүрэн