Нярайн тасагт 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-10 13:05:05
Увс /МОНЦАМЭ/. “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-аас аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өчигдөр гардуулан өглөө. Дутуу болон бага жинтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг хандивладаг тус байгууллагатай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар 2015 оноос холбогдож, улмаар төсөл бичиж илгээсний дагуу ийнхүү сүүлийн үеийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
Төсөл анх илгээхдээ 65 сая төгрөгийн төсөвтэй тоног төхөөрөмж авах санал илгээсэн ч улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж ийнхүү нийлүүлжээ. Тухайлбал, нярайн шаралт хэмжих аппарат, дуслын автомат шахуурга, инкубатор зэрэг тоног төхөөрөмж энд иржээ. Төслийн багийнхан нярайн тасагт тоног төхөөрөмж гардуулснаас гадна жирэмсэн ээжүүд, дөнгөж төрсөн нярай нарт мөн гарын бэлэг өгсөн байна.
“Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ нь гадаад дотоодод ажиллаж амьдарч байгаа сайн санаат Монголчуудынхаа хандив тусламжаар хөрөнгө босгож, аймаг, хотуудын эмнэлгүүдийн Нярайн тасагт дутуу болон бага жинтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивладаг байгууллага аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ