Роботууд хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-07-25 09:43:35
ШИНИН. /Синьхуа/. Хятадын баруун хойд нутгийн Цинхай мужид олон нийтэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий роботыг өнгөрсөн мягмар гарагт танилцуулжээ.

Гэрлэлт, ажил эрхлэлт, тээвэр холбоо, хэрэглэгчдийн эрх, нийгмийн аюулгүй байдал, байшин барилга буулгах асуудал, аялал жуулчлал хийгээд хувийн зээл зэрэг олон төрлийн маргаанд хариу өгөх 50 мянга гаруй асуулт, хариулт бүхий мэдээллийн санг уг роботод суулгасан байна.

“Хууль зүйн товчоо, нотариат, шүүхийн үнэлгээний болон эвлэрүүлэн зуучлах төв зэрэг хууль зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг газрууд нь уг төрлийн роботыг ашиглах боломжтой” гэж Хятад улсын ардчилал болон хууль зүйн тогтолцооны нийтлэлийн танхимын төлөөлөгч Ша Чунфань мэдээлжээ.

Дээрх танхим болон Цинхай мужийн хууль зүйн газар хамтран уг роботыг боловсруулан хөгжүүлэхэд 10 гаруй сарын хугацаа зарцуулжээ. Хятад улсын муж болон хотууд дахь хууль зүйн үйлчилгээний газруудад өчигдрөөс буюу мягмар гарагаас эхлэн уг төрлийн роботуудыг нийлүүлж эхэлсэн байна.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ