Орон нутгийнхаа Цагдаагийн газраас тодорхойлолт авах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-31 20:39:48

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагдаагийн хэлтэс наймдугаар сарын нэгнээс иргэдэд цагдаагийн газрын тодорхойлолтыг цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг үндэслэн гаргаж өгдөг болно.
Учир нь цагдаагийн тодорхойлолтыг зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд, гадаад зорчих виз хүссэн иргэдийн бүрдүүлсэн материалыг үндэслэн зөвхөн ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас олгодог байсан ажээ. Энэ нь иргэдэд төвөг чирэгдэл учруулж дугаарлалт үүсгэдэг  талаар удаа дараа гомдол гардаг байна. Тэгвэл энэ журмыг өөрчилж  иргэн өөрөө хүсвэл цагдаагийн тодорхойлолтыг иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт, үйлчилгээний төлбөрийн баримтыг үндэслэн олгодог болжээ. Мөн төв, орон нутгийн цагдаагийн хэлтсээс олгодог байхаар журамд өөрчлөлт оруулсан байна.
Дашрамд дуулгахад Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны сан нь хууль тогтоомжийн хүрээнд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн лавлагааг албан бичгээр өгөх. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг хүлээн авч шалгаж, хариу өгөх. Иргэдийн хүсэлтээр түүний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгох ажлыг хариуцаж хийдэг байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ