В.Путин Австрийн Гадаад хэргийн сайдын хуримын ёслолд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-19 16:22:27
twitter.com/Nyamkanmk
ВЕНА. /ВВС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнейсслийн хуримын ёслолд оролцжээ.

Австрийн өмнөд нутгийн Штириа мужид болсон энэхүү арга хэмжээнд В.Путин уригдаж ирэхдээ Карин Кнейссльд бэлэг өгсний зэрэгцээ түүнтэй хамт бүжиглэсэн байна.

Гэвч Австрийн сөрөг хүчний улс төрчид, "Карин Кнейссль буруу зочин урьж, ЕХ-ны гадаад бодлогыг сулруулж байна" гэж буруушаасан байна.

Ерөнхийлөгч В.Путин Германд айлчилж, тус улсын Канцлер Ангела Меркельтэй уулзалт хийхээсээ өмнө Австрид түр саатахдаа энэхүү арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр сүйт бүсгүйд зориулж баглаа цэцэг, ирсэн зочдод зориулж хасаг цэргийн дуучид, бүжигчдийн хамтлагийн хамт хүрэлцэн иржээ.

Өдгөө 53 настай Австрийн улс төрч Карин Кнейссль нь бизнес эрхлэгч Вольфганг Мейлингертэй гэрлэж байгаа ажээ. Вольфганг Мейлингер өдгөө 54 настай юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ