Москвагийн оюутан Г.Гантулга "Уран гараа дэвээ" шагналын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2015-12-09 10:18:20

Энэ сарын  4,5-ны өдөр Москва хотын  Иван Ярыгины нэрэмжит Бөхийн ордонд Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдааны  X наадам болов. 

Тэмцээнийг Москва хотын Үндэсний бодлого, үндэстэн хоорондын харилцаа, аялал жуулчлалын газар, Москва дахь  Буриадын  соёлын “Уряал” нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Наадамд  Буриад, Кабардино-Балкар, Карачаево-Черкес, Халимаг, Дагестан, Тыва, Якут, Татарстан, Башкир, Чуваш, Ингушет болон Ханты Мансийскийн өөртөө засах тойргоос нийт 200  нэртэй тамирчин хүч сорив. Түүнчлэн Монгол, Таджикистан болон Гүржийн төлөөлөгчид уригдан оролцсон юм.    

“Тэмцээний гол зорилго Оросын олон үндэстний уламжлалт  бөхийн спортын соёлын өвийг олон нийтэд өргөн таниулж,  хүүхэд залуучуудад  эх оронч хүмүүжил олгоход оршиж буй юм” гэж Москва хотын  Буриадын соёлын “Уряал”нийгэмлэгийн тэргүүн Баатар Дугаров манай  сурвалжлагчид ярив. 

Уламжлал ёсоор тэмцээн жил бүр  оросын үндэстнүүдийн  таван төрлийн барилдаанаар зохиогддог.Үүнд: буриадын бөхийн барилдаан, орос үндэстний “За-вороток” барилдаан, татарын “Корэш”, Кавказын ард түмний барилдаан  болон якутын “Хапсагай” барилдаан ордог юм. Барилдаан  70, 80 болон 80 –аас дээш кг жинд болдог. Тэмцээнд оролцогч тамирчин бүр үндсэндээ  2-3 төрлийн барилдаанд оролцдог уламжлал тогтжээ. Жишээ нь,  буриад, татар болон якут бөхийн барилдаан нь хоорондоо ижил төстэй учир бөхчүүд  хэд хэдэн төрөлд хүч сорьдог.  Таван төрөл бүрээс  тэргүүн байранд шалгарсан  бөхчүүд якутын  “Хапсагай”  бөхийн барилдаанаар  хүч тэнхээгээ  сорьж, түрүүлсэн бөх уралдааны дээд шагнал  бүхий “Абсолютный чемпион” /“Үнэмлэхгүй аварга”/ цол, шагналыг гарддаг аж. Энэ удаагийн  наадмын аваргаар Тывагийн бөх Монгуш Бады –Сагаан шалгарсан. Тэрбээр наадмын тэргүүн шагнал 100 мянган рублийн үнэтэй Якутын бриллиантын эзэн болов.  

Монгол улсыг төлөөлж Москва хотын Цэргийн дээд сургуулийн сонсогчид болон төмөр замын дээд сургуулийн оюутнууд  амжилттай оролцсон билээ. Манай сурвалжлагч наадмын Буриад бөхийн барилдааны 80-аас дээш жинд барилдаж  2 дугаар байрны шагнал  хүртсэн болон  наадмын   “Уран гараа дэвээ” тусгай шагналын эзэн Галсандовжоогийн Гантулгатай уулзаж ярилцав.

  “Би Москвагийн Цэргийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан. Москвад ирсэн цагаасаа л жил бүр Буриадын соёлын нийгэмлэгээс зохион явуулдаг тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Би тэмцээн бүрээс  хоёрдугаар  байрт шалгарчихдаг. /инээв/  Мөн  жил бүрийн 6 дугаар сард Улаан талбайд болдог Оросын үндэстнүүдийн бөхийн барилдааны тэмцээн болон Санкт-Петербургийн Буддын дацангийн цомын нэрэмжит тэмцээнд удаа дараа  амжилттай  оролцдог. Энэ удаа манай монгол оюутнууд  анх удаа багаар  оролцож байгаад  сэтгэл өндөр байна. Уралдаан тэмцээнд оролцоход минь байнга сэтгэл санааны болон эд материалын  дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Москва дахь “Мөнх  хөх тэнгэр” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан ахдаа талархал илэрхийлье” гэлээ. 

Оросын олон үндэстний уламжлалт  бөхийн барилдааны Х наадам энэ удаа өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө. Хоёр өдөр үргэлжилсэн бөхийн барилдааны үеэр  Москвагийн хүүхэд-залуучуудын  “Синяя птица” төвийн үлгэр жишээ  бүжгийн хамтлаг,“Горцы Кавказа” ансамбель, олон улсын уралдааны шагналт дуучин  С.Цымпилов, бүжиг дэглэгч Радиф Яллаевын  татарын  үндэсний  бүжгийн хамтлаг болон Вороновын “Атракцион”  хамтлагууд дуу бүжиг, ая дууны дээжээ өргөн барьсан юм.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ