Н.Цогбадрах: Тарваган тахал бол олон улсын хөл хориот гоц аюултай халдварт өвчин
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн голомтот тарваган тахал
өвчний эмнэл зүйн шинж, халдвар хэрхэн дамжих талаар Зоонозын өвчин судлалын
үндэсний төвийн дарга Н.Цогбадрах Нийслэлийн онцгой комиссийн хэвлэлийн
хурлын үеэр мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Тарваган тахал нь тарвага, туулай хэлбэртэн, жижиг мэрэгч, түүний бөөс бүүргээр дамжин халдварладаг хоруу чанар өндөртэй нянгаар үүсдэг өвчин юм. Уг тахал нийтийг хамарсан өвчлөл үүсгэдэг учир олон улсын хөл хориот, байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчний ангилалд багтдаг. Иймээс төрийн байгууллагууд тарваган тахлаас сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Гэвч иргэд хайхрамжгүй байдлаасаа болж, тарваган тахлаар өвчилж, нас барж байна. Тухайлбал, энэ сард Говь-Алтай аймагт 15 настай хүү эндэж, Ховд аймгийн Цэцэг суманд хоёр иргэн булчирхайн тахал, уушгины хэлбэрээр өвдсөн. Цаг алдахгүй эмнэлэгийн тусламж үзүүлсэн учир биеийн байдал тогтвортой байна.
Мөн иргэд хориотой ан хийснээ мэдэгдэхээс
татгалзсан учир эмнэлэгийн тусламж авахаас өмнө нас
барах, онош төөрөлдүүлэх тохиолдол гарч байна. Иргэд
хөдөө орон нутагт аялж байхдаа халуурах, бөөлжих, суулгах хоолны хордлогын
шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй” хэмээв.
Тарвага агнахыг БОАЖСайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны А/278 тушаалаар гурван жилийн хугацаатай хориглосон. Гэвч иргэд эчээнээс гарсан даруйд нүхийг нь малтан, туранхай, өвчтэй тарвага агнаж байгаа аж. Иймээс тарвагыг урхи, хавх, нохойгоор агнаж болохгүй мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй ам дамжсан үгэнд итгэн тарваганы түүхий эд эрхтэн идэхгүй байхыг анхаарууллаа.
И.Даваадорж