ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын эрэгт амарч байсан 3 иргэн усанд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-24 17:12:18

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 2 дугаар баг Жанхайн дээд модот булан гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт усаар 20 км-т Хөвсгөл нуурын эрэг орчмоор амарч байсан 3 иргэн усанд осолдлоо гэсэн дуудлага өнөөдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.


Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах аврах 69 дүгээр ангийн захирагч 4 алба хаагч, 1 завьтайгаар ангийн байрлалаас гарч, усаар 20 км зам туулан ослын газарт очиход 1 иргэний цогцсыг гаргасан байсан байна.


Алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, усанд осолдсон иргэнийг аврахаар орсон 2 иргэний цогцсыг нуурын эргээс 30 метрт 4 метрийн усны гүнээс гаргаж, тус сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. 




Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар усны ослын 5 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн амиа алджээ.


Иймд гол нуурын эрэг дагуу амарч зугаалж байхдаа хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах, хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Related news