ДОРНОГОВЬ: Улсын циркт тоглуулах тэмээг Сайхандулаан сумаас сонгон авч байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-10 12:20:53

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. 1970-1990 он хүртэл манай улсын цирк Дорноговь аймгийн Сайхандулаан сум хамтын ажиллагаатай байжээ.


Энэ хугацаанд Монголын циркийн уран бүтээлчид Сайхандулаан сумаас тэмээгээ сонгон авч дасгаж сурган циркийн тайзнаа тоглуулдаг байсан тухай баримт түүхийн хуудсанд үлдсэн байна. Том биетэй, ноос сайтай, уналга эдэлгээнд ашиглахад ачаа даах чадвар сайн байсан тул улсын циркэд тоглуулах тэмээг тус сумаас сонгон авч байв.


Сумын тэмээчин О.Шар анх өөрийн маллаж байсан тэмээн сүргээс хэдэн шар ат өгч явуулсан нь циркийн уран бүтээлчдийн амжилт бүтээлийн нэг хэсэг нь болж байжээ. Циркийн тоглолт бүрийн өмнө жүжигчид тэмээгээ Сайхандулаан сумынх гэж дуудахад нутгийн хүмүүс баярлан өөр зуураа сонин болгож ярьдаг байж.


Их Өлзийт хайрхны нөмөрт орших энэ нутгийнхны нэгэн бахархал бол тэмээн сүрэг юм. Түүх сөхөхөд 1956 онд тус суманд “Говийн хөгжил” нэртэй нэгдэл байгуулагдсанаас хойш энэ нутгаас улсын аварга малчин тэмээчин С.Болд, Г.Түмэнжаргал, Н.Даваа, Ж.Ганбаатар, С.Банди, Д.Намжилмаа гээд арав гаруй аварга тэмээчин төржээ. Харин 1985 онд тус сум түмэн тэмээ тоолуулж буйлаа дээдлэн залж, нутагтаа тэмээний баяр тэмдэглэж байв.


Related news