Гандан, 32-ын тойрог орчмыг яндангүй бүс болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-31 09:38:32

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ойрын хугацаанд хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэлэхдээ “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь одоог хүртэл 1960-аад онд ашиглаж байсан зуухыг ашигладаг. Гар ажиллагаатай бөгөөд түүхий нүүрс түлдэг. Энэ төвийг төвийн дулааны нэгдсэн шугамд нэн яаралтай холбохоор шийдвэрлэлээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангадаг уурын зуухууд байдаг. Эдгээрийг газанд шилжүүлнэ. Мөн БНХАУ агаарын бохирдлоо бууруулсан туршлагыг судалж, мэргэжилтэн урина. Нано технологийг түлшинд хольсноор утаа буурдаг, хоруу чанар нь багасдаг. Түлшийг шинжилгээнд өгсөн, хүний эрүүл мэндэд хоргүй гэдэг дүгнэлт гарсны дараа туршилт хийнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 0 давхаргын нүүрсийг түлшинд ашиглахаар ярьж байгаа. Одоо хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшийг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс хойш хэрэглэхгүй байх зорилт тавьсан” гэв.


Утааг бууруулах ажлын хүрээнд ирэх онд “Яндангүй бүс”-д гал түлэхийг хориглохоор төлөвлөжээ. Улмаар нийслэлд байгалийн шингэрүүлсэн хий нэвтрүүлж, 40 мянган айлыг холбох бөгөөд үүнд барилгажсан дүүрэг, хороод багтах аж. Тухайлбал, “Драгон төвийн хойноос эхлээд III, IV хорооллын хойд талын дэнж, Гандан, 32 -ын тойргийг эхний ээлжинд яндангүй бүсэд хамруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Баянхошуу, Шархад дэд төвийн хүрээнд ирэх онд 520 айл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 3858, нийт 4378 айл орон сууцанд орох аж. Мөн монгол гэрт амьдарч буй 32 мянган айлыг давхар шаталттай зуухаар хангах юм байна. 

Related news