ТӨВ: Ж.Гомбожавын хөдөлмөр, бүтээлийн амжилтыг “Алтан хуудас”-т алдаршуулан хадгаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Жамбын Гомбожавын хөдөлмөр, бүтээлийн амжилтыг аймгийн "Алтан дэвтэр"-ийн 9 дэх хуудаст мөнхөллөө.
1985-1991 онд Төв аймгийн даргаар томилогдон ажиллаж байсан тэрээр аймгийн Ардын депутатуудын хорооны Гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, УИХ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж нийтдээ төр, захиргааны байгууллагад тасралтгүй 36 жил ажиллажээ.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн онцгой үед улс төрийн хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн манай улсын цөөхөн удирдах ажилтны нэг юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын хувьд 1992-1996 онд Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комиссыг даргалж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг сэргээх, тэдэнд нийгмийн халамж үзүүлэх талаар олон ажлыг санаачлан зохион байгуулсан юм.
Үүний дотор хэлмэгдэгсдийн музей байгуулах, хөшөө бий болгох, цагаатгалын хуулийн төсөл боловсруулах, хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх, орон нутгийн салбарыг байгуулж бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байв.