О.Шольц: Германчууд Холокостыг мартах учиргүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-21 10:59:49

БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 20 /DW/. Германы Канцлер Олаф Шольц ням гарагт Франкфурт хотноо нацистуудын хамгийн том хорих лагерь болох Аушвицийг чөлөөлсний 80 жилийн ойд зориулсан еврейчүүдийн цуглаанд оролцож үг хэлжээ. 


Еврейн амьдрал, тэр бол Франкфурт. Еврейн амьдрал, тэр бол Герман. Энэ бол бид гэж О.Шольц ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Тэрбээр Франкфурт хотноо хэлэхдээ, Герман улс Дэлхийн II дайны үед германчуудын үйлдсэн Холокостод нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үүрэгтэй гэлээ.


О.Шольц мөн еврейчүүдийг үзэн ядах үзэл, үзэл ядалт ба хэт барууны үзэл нь ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвийн зүйл болж байгаа нь санаа зовоож, түгшээж байгааг онцолсон байна. Мөн интернэт болон нийгмийн сүлжээ нь хэт даврагч байр суурь, турхиралт, үзэн ядалтын үүр уурхай болж байна гэж О.Шольц анхааруулжээ.


Дэлхийн II дайны үеэр Польшид байгуулсан Аушвиц-Биркенау хорих лагерьт нэг сая гаруй хүн амиа алдсан байна. Тэдний дийлэнх нь еврейчүүд байсны зэрэгцээ польшууд, цыганууд, Зөвлөлтийн цэргүүд ч мөн байжээ.


“Аль эрт болоод өнгөрсөн гэж үзээд түүхийн хуудсыг эргүүлэхийн эсрэг байр суурьтай байна. Бид германчуудын үйлдсэн Холокостоос үүдэлтэй соёл иргэншлийн сүйрлийн талаарх дурсамжийг хэвээр үлдээж, дараа дараагийн үедээ сэрэмжлүүлэн дамжуулж байна, бидний үүрэг хариуцлага үүгээр дуусах учиргүй гэж О.Шольц хэлжээ.


Холокост бол та бидэнтэй адил сая сая хувь хүний ​​түүх, үүнийг бид мартахгүй санаж явах учиртай. Энэхүү хамтын ой санамж нь манай улсын хүн бүрийн гарал үүсэл, гэр бүлийн түүх, шашин шүтлэгээс үл хамааран маргашгүй баримтууд дээр суурилдаг гэж тэрбээр хэлсэн байна.




 

Related news