ТӨВ: Дотрын тасгийг хүний гавьяат эмч Б.Алтангэрэлийн нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн А/32 тоот захирамжаар Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийг хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэлийн нэрэмжит болголоо.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагааны үеэр “Борхүүгийн Алтангэрэл сан” нээлтээ хийсэн юм.
Б.Алтангэрэл эмчийн зээ хүү, хүний их эмч Э.Алтандөшөөс тодруулахад, "Би өвөөгөө бага наснаасаа дагаж, хүн эмчлэхийг харж өссөн. Иймдээ ч эмч мэргэжлийг сонгох шалтгаан минь болсон юм. Эмээ минь мөн химийн багш байсан тул энэ чиглэлээр суралцахад надад асуудал тулгараагүй. Өнөөдөр өвөөгийн минь нэрийг мөнхжүүлэх ийм сайхан үйл хэрэг болж байгаад маш их баяртай байна. Борхүүгийн Алтангэрэл сангийн зорилго нь эмч мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа хэдий ч санхүүгийн боломжгүй хүүхэд, залуусын боловсролд хөрөнгө оруулах юм. Мөн Улаанбаатар хот руу очиж эмчлүүлэх, оношлуулах, зөвлөгөө авах боломжгүй иргэдэд жилд нэг удаа эмч нарын төлбөргүй үзлэг хийх, хэрэгцээт багаж тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв.
Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Алтангэрэл нь 1935 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. 1955-1960 онд Монгол улсын их сургуулийн Анагаах ухааны ангид суралцан улаан дипломтой төгсөж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн бөгөөд 1960 онд Төв аймгийн Лүн сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
1960-1972 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, дотрын
тасгийн эрхлэгч, Нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч
1974 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны эмч
1975-1978 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч
1978-1986 онд Улсын клиникийн II эмнэлэгт дотрын эмч
1986-1990 онд Дотрын II тасгийн эрхлэгч
1990-1996 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотор, зүрх судасны
эмч
1996-2009 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын ерөнхий
мэргэжилтэн, зөвлөх эмч
2007-2009 онд Ахмадын кабинетын эмчээр тус тус ажиллаж байжээ.