Польш улстай аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум Варшав хотноо болж, Монголын хоёр компани 8 сая еврогийн үнийн дүн бүхий бизнесийн гэрээ байгууллаа.
Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын
Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг юм. Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 105 сая
ам.доллар байв. Монгол Улс нэг сая гаруй
ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж
ирж байна.
Монголын бизнес эрхлэгчид Польшийн ШУА-ийн дэргэдэх
Сэргээгдэх эрчим хүчний институцид зочилж, тус улсын хамгийн том эмийн Polfa Sa
Trachmin үйлдвэрийн үйл ажиллагаатай
танилцжээ.
Тус форумд хоёр орны төрийн тэргүүнүүд оролцож, нээлтийн үг
хэлсэн юм. Польш Улсын
Ерөнхийлөгч Анджэй Дуда “Монгол Улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт,
мега төсөл, Шинэ Хархорин, Улаанбаатар хотын нийтийн тээврийн төсөлд бид
оролцох сонирхолтой байна. Уламжлалт
харилцааг илүү хөгжүүлж, шинэ боломжоор баяжуулан эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх боломж манай
хоёр улсад бий” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Энэхүү айлчлалаар
Монгол, Польш Улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэлээ. Хоёр улсын
эдийн засаг, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч бидний
санасан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс худалдааны эргэлтийн хэмжээг нэмэхэд
анхаарах нь чухал. Монгол Улс
гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж, эрх зүйн орчныг таатай
болгоход анхаарч байна. 1980-аад оны бүтээн байгуулалтад оролцож байсан
туршлагаараа манай улсын дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрийг хамтран
хэрэгжүүлж, хөрөнгө оруулж, Монголын бизнес эрхлэгчидтэй түншлэхийг уриалж
байна” хэмээсэн юм.
Энэ үеэр
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Польш Улсын Худалдаа Хөрөнгө Оруулалтын Газрын
дарга нар гарын үсэг зурж,
хоёр улсын эдийн засаг, бизнесийн орчин, худалдаа, хөрөнгө
оруулалтын тухай мэдээлэл бүхий илтгэлүүд тавьсныг МҮХАҮТ мэдээлжээ.
Монгол Улс Польш руу голчлон ноос, ноолуур, арьс шир, уул
уурхайн бүтээгдэхүүн экспортлож, Польш Улсаас хүнсний бүтээгдэхүүн, машин
механизм, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн импортолдог. Худалдааны эргэлтийг нэмэх,
бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээ хоёр орны Худалдааны танхимуудын
удирдлагууд онцлов.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од ярихдаа, “Монголын уул уурхай, байгалийн арвин баялаг нөөцийг Польшийн дэвшилтэт технологитой хослуулснаар олборлолтын үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулж болно. Мал аж ахуй, сүү, хүнсний технологи зэрэг салбарт хамтран ажиллаж, органик, боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх боломжтой. Польшийн эрчим хүчний шилжилтийн туршлага нь Монголын тогтвортой эрчим хүчний хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж чадна. Монголын газарзүйн стратегийн байршлыг харгалзан, Польшийн төмөр зам, логистикийн туршлага нь бүс нутгийн холболтыг сайжруулахад туслах болно. Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлснээр инновац, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой”-г тодотголоо.
Монгол-Польшийн
бизнеес форумд уул уурхай, хүнс, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, боловсрол,
хуулийн чиглэлийн бизнесийн 200 гаруй төлөөлөл оролцжээ.