АНУ-ын Зэвсэгт хүчин Нигери дэх "Лалын улс"-ын террористуудад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-26 09:47:45

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчин Нигерид үйл ажиллагаа явуулж буй “Лалын улс” бүлэглэлийн террористуудад цохилт өгсөн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ. 


“Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар өнөө орой миний өгсөн тушаалаар Нигерийн баруун хойд нутаг дахь "Лалын улс"-ын адгийн этгээдүүдэд хүчтэй цохилт өглөө. Тэд олон жил, бүр хэдэн зууны турш гэм зэмгүй христийн шашинтнуудыг хэрцгийгээр хөнөөж байсан. Хэрэв тэд христийн шашинтнуудыг хөнөөхөө зогсоохгүй бол асар их үнээр төлөх болно гэж би анхааруулж байсан. Өнөө орой тэр нь биеллээ оллоо” хэмээн АНУ-ын засаг захиргааны тэргүүн “Truth Social” сүлжээнд бичсэн байна. 


“Дайны яам зөвхөн АНУ л гүйцэтгэж чадах төгс цохилтуудыг өгсөн” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Америкийн удирдагч мөн “исламын радикал террористуудыг цэцэглэн хөгжихийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд хэрэв радикалууд “христийн шашинтнуудыг хөнөөхөө үргэлжлүүлбэл”, “үхсэн террористуудын тоо” “үлэмж ихээр нэмэгдэнэ” гэдгийг нэмж анхааруулжээ.


Пентагоны тэргүүн Пит Хегсет X сүлжээнд Нигерийн эрх баригчдад хандан “хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Мөн "Лалын улс"-ын зэвсэгт этгээдүүдэд цаашид цохилт өгөх боломжийн талаар хэлэхдээ “үргэлжлэх нь гарцаагүй” гэж дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 


Энэхүү ажиллагааг "Нигерийн эрх баригчдын хүсэлтээр" явуулсан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Африк дахь командлал X сүлжээнд мэдээлжээ. Ажиллагааны үеэр “Лалын улсын хэд хэдэн террористыг устгасан” байна.


Нигерид христийн шашинтнуудыг хамгаалах зорилгоор “исламын террористуудын” эсрэг авч хэрэгжүүлж болох цэргийн арга хэмжээнд бэлтгэхийг Пентагонд даалгаснаа Д.Трамп 11 дүгээр сарын 1-нд мэдэгдэж байсан юм. 

Related news