Дундговийн малчин өрх нэмэгдэж, мал сүрэг 3 сая 59 мянган толгой болж өслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-02 20:06:34

2016 оны эцсийн мал тооллогын эцсийн дүнг аймгийн Статистикийн хэлтэс танилцууллаа. Дундговь аймгийн мал сүрэг 3 сая 59 мянга 855 толгойд хүрч өссөн байна. Баянжаргалан сумаас бусад 14 сум мал сүргээ өсгөжээ.

Урьд оны жилийн эцсээс адуун сүрэг 13.3 мянга, үхэр 7.7, тэмээ 3.1, хонь 170.9, ямаа 100.4 мянган толгойгоор тус тус өссөн бөгөөд нийт мал сүрэгт хонин сүрэг 47, ямаа 45, адуу 5 хувийг тус тус эзэлж байна.  

2015 оны мал сүргийн бүтэцтэй харьцуулахад нийт сүрэгт эзлэх хонин сүрэг 1.2 пунктээр өсч, ямаа мөн адил ийм хэмжээгээр буурчээ.

Эрдэнэдалай сум 467 мянга 978, Сайнцагаан 332 мянга 331, Адаацаг 241 мянга 855, Өлзийт 236 мянга 713, Гурвансайхан 222 мянга 79 толгой мал тоолуулснаар аймагтаа хамгийн олон мал тоолуулсан 5 сум болж байна. Харин хамгийн олон мал тоолуулсан баг нь Эрдэнэдалай сумын Рашаант,Цагаан- Овоо, Сайнцагаан сумын Тэвш, Үйзэн, Далай баг боллоо.

Эрдэнэдалай сум хонь, үхэр, ямаа, адуун сүргээрээ, Өлзийт сум тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байгаа бол багуудаас Сайнцагааны Тэвш хамгийн олон адуу, Хулд сумын Олдох хамгийн олон тэмээ тоолуулж, Эрдэнэдалай сумын Рашаант үхэр, хонь, ямаан сүргээрээ илүүрхжээ.

Дундговь аймгийн малчин өрхийн тоо 2014 оныхоос 710, 2015 оноос 409- өөр тус тус өсч, нийт 6590 малчин өрхтэй болсон байна. Нийт малчин өрхийн 36.6 хувь нь 201- 500, 22.8 хувь нь 501- 999 толгой малтай байгаа бол 1000 болон түүнээс дээш толгой малтай 602 өрх байна. Үүн дотор 2000 болон түүнээс дээш толгой малтай 52 өрх байгаагийн 8 нь 3 мянгаас дээш толгой мал тоолуулжээ. 2016 онд шинээр 71 малчин өрх мал сүргээ нэг мянга давуулан өсгөсөн байна.

Т. Отгонтуяа           

 

Related news