“Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн шавыг тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-10 16:33:18
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс зарж борлуулах, сурталчлах зорилгоор барих “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн дөрвөн давхар барилгын шавийг тавилаа.
 
Энэ төв нь орон нутгийн хөгжлийн сангийн 2,7 тэрбум төгрөгөөр баригдана. “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн барилгын ажлын гүйцэтгэгч компаниар Архангай аймгийн “Гурвантамир” компани шалгарсан байна. Энэ онд тус барилгын суурийн ажил хийгдэх бөгөөд суурийн ажилд зарцуулах 980 сая төгрөгийг төсөвт суулгажээ. Барилга 2018 оны 8-р сард ашиглалтанд орох юм байна.

Худалдааны төв ашиглалтанд орсноор Архангай аймагт үйл ажиллагаа явуулж зөвхөн “Архангайд үйлвэрлэсэн” бараа бүтээгдэхүүнийг байршуулах ба өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, танилцуулах үзэсгэлэнгийн заал, бусдаас хямд түрээс, стандартад нийцсэн зоорь болон түрээсгүй үйлдвэрлэлийн хэсгийг иргэн, аж ахуй нэгжүүд ашиглах юм.   
 
Архангай аймаг “Хэрэглэгч аймгаас, үйлдвэрлэгч аймаг” болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд өрхийн болон, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэл, халамжийн чиглэлийн зээл тусламжийг олгож байгаа. 

Б.Гэрэлт-Од
Related news