Дэлхийн цагаачдын тоо 244 сая болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭНҮБ. /TASS/. Дэлхийн цагаачдын тоо 15 жилийн хугацаанд 41 хувиар өсч, 2015 онд 244 сая болсон тухай мэдээллийг НҮБ нийтэлжээ. Энэ тоонд бараг 20 сая дүрвэгч багтсан аж.
НҮБ-ын мэдээллээс үзвэл, цагаачдын тооны өсөлт нь дэлхийн хүн амын өсөлтийн хурдцаас давж байна. 2015 онд дэлхийн нийт хүн амын дунд цагаачдын эзлэх хувь 3.3 хувьд хүрчээ. 2000 онд энэ үзүүлэлт 2.8 хувь байсан байна. Европ, Хойд Америк болон далайн орнуудын хувьд олон улсын цагаачдын эзлэх хувь нийт хүн амын доод тал нь 10 хувийг эзэлж байна. Харин Африк, Ази, Латин Америкийн орнуудад энэ үзүүлэлт 2 хувиас хэтрэхгүй байгаа аж. Дэлхийн цагаач, дүрвэгчдийн асуудалд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулахаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ. Энэ зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей уг асуудлаар өндөр түвшний уулзалтыг 2016 оны есдүгээр сарын 19-нд зохион байгуулах шийдвэрийг гаргажээ.
Д.Жаргал