Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-11 16:34:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тэмдэглэхтэй холбоотой түүний хөшөөний эх загварыг шинэчлэхээр болжээ.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргалаас тодруулахад, Аймгийн засаг даргын захирамжаар Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын мэндэлсний ойг тэмдэглэх, түүний хөшөөг шинэчлэн босгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажилдаа ороод байна. Хөшөө шинэчлэх ажилд 165 сая төгрөг батлагдсан. Эхний ээлжинд хөшөөний эх загварын уралдаан зарлаж, ирсэн бүтээлүүдээс нэгийг нь сонгон шалгаруулаад байна.

Ц.Жигжиджав агсны хувьд их зарчимч номын хүн байсан гэдэг. Тиймээс ажлын хэсгийнхэн хэлэлцээд ном барьсан, босоо хөшөөг сонгосон. Хөшөө эцсийн байдлаар найман сард бэлэн болно. Мөн хөшөөний саад, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил давхар хийх юм. Энэхүү хөшөө босгох, 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд зөвхөн холбогдох албаныхнаас гадна Ц.Жигжиджав сангийн болон гэр бүлийнх нь төлөөллүүд ч оролцож байгаа гэлээ.

関連ニュース