Аймгийн хэмжээнд 2018 онд зам тээврийн ослоор таван хүүхэд амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-11 17:35:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамтран “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгт оролцож, төв зам дагуу тайван жагсаал хийлээ. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд зам тээврийн 60 осол бүртгэгдэж, ослын улмаас таван хүүхэд амь насаа алдсан байна. 

Улс орон даяар зохиож буй тус өдөрлөгт 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан юм. Тэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх уриалга лоозон барьж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар болоод явган зорчигчдод гарын авлага тараалаа.


Сүхбаатар аймгийн тухайд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замар холбогдсонтой холбоотойгоор зам тээврийн осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зам тээврийн осолд өртөж нас барсан болон бэртэж гэмтсэн хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа. Гол шалтгаан нь хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн явж буйгаас үүдэлтэй гэдгийг холбогдох албанаас танилцуулсан. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд зөв оролцож, алаг үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж буй юм. Үүнд эмч, эмнэлгийн ажилтнууд нэгдэж байна. Бусад байгууллагыг мөн нэгдэж, зам тээврийн шалтгаант гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга А.Азжаргал хэллээ.

関連ニュース