Аймгийн ЗДТГ-ын ажилчид бийрэн бичлэгийн сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын талаас илүү хувь нь бийрэн бичлэгийн сургалтад хамрагдлаа. ЗДТГ нь нийт 50 гаруй ажилтантай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарыг үндэсний бичиг соёлын өдрүүд болгон зарласан. Үүний хүрээнд аймгийн ЗДТГ, БСУГ, Нийтийн номын сан, Насан туршийн боловсрол төвтэй хамтран аймгийн хэмжээнд үндэсний бичиг соёлыг сурталчлах томоохон ажлыг зохиодог. Энэ жил аймгийн хэмжээнд уг ажлыг "Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг" сэдвийн дор явуулж байна.
Төрийн албан хаагчид, ААНБ-ын ажилтнууд, иргэд гээд бүх хүн үүнд оролцоно. Ирэх сарын 03-нд энэ ажлаа эцэслэн дүгнэнэ. Мөн сумдууд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр 2018 оны туршид ямар ажил хийсэн тайланг хэлэлцэнэ. Манай ЗДТГ-ынхны тухайд өнгөрсөн жил бичих болон уншиж сурах сургалтыг байгууллага дээрээ явуулж байсан бол энэ удаад бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг авч байна гэх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мөнхзаяа өглөө.
Сургалтыг Баруун-Урт
сумын нэгдүгээр БДС-ийн Монгол бичгийн багш Д.Амаргараг удирдан явуулжээ.
Тэрээр хэлэхдээ, үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах
ажилд ЗДТГ-ын ажилчид идэвхийлэн оролцож байгаад баяртай байна. Тэдний хувьд үндэсний
бичиг үсгээ сурах чин хүсэл эрмэлзэлтэй байгааг хараад зааж буй багшийн хувьд
талархаж байна. Хүн бүр ийм хүсэл эрмэлзэлтэй байвал үндэсний бичиг үсэг, түүх
соёл маань өнө мөнхөд дэлгэрнэ гэдэгт би итгэдэг гэв.