Номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас 2019 оныг уншлагыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Нийтийн номын
сангаас санаачлан “Танд ойрхон номын сан” арга хэмжээг анх удаа зохион
байгуулжээ. Баруун-Урт сумын нэгдүгээр багийн иргэд бүтэн өдрийн турш багийнхаа
нутаг дэвсгэр дээр номын үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна.
Энэ үеэр аймгийн нийтийн номын сангаас хүүхэд багачуудад зориулсан "Дэлхийн шилдэг үлгэрийн дээжис" цуврал номын үзэсгэлэн,
хамгийн сүүлд хэвлэгдэн гарсан "Шинэ ном"-ын үзэсгэлэнг дэлгэж танилцуулснаас
гадна нутгийн зохиолчдын шинэ номын хямдралтай
үзэсгэлэн худалдааг явуулжээ.
Уншлагыг дэмжих жилийн хүрээнд манай номын сангаас "Сүхбаатарчууд уншиж байна" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ удаагийн ажлыг уг хөтөлбөрийн хүрээнд хийж байна. Иргэд маш сайхан хүлээж авсан. Бүх хүн номын санг зорьж ирээд өөрт хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээг авч чаддаггүй. Уг арга хэмжээг энэ удаад нэгдүгээр баг, тэжээлийн аж ахуйн орон сууцны хороололд хийсэн. Найман настай балчраас наян настай буурал хүртэл номын үйлчилгээг авч чадсан. Энэ бол үр дүн. Тиймээс энэ ажлаа цаашид бүх багийн иргэд, айл өрхүүд рүү давтамжтайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий ярисан юм.
Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний номын хэрэгцээ
шаардлагыг хангах, номын сангийн
үйл ажиллагааг сурталчлах, ном
уншихын ач холбогдлыг тайлбарлан таниулах, зөөврийн номын сангийн үйлчилгээг өрх
бүрт хүртээмжтэй хүргэх гээд олон зорилтыг дэвшүүлэн явуулсан уг ажил иргэдийн
халуун талархал дор амжилттай болж өндөрлөжээ.