Монгол Умард Солонгостой байгуулсан гэрээгээ цуцаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Koreajoongangdaily/. Цөмийн туршилт хийж, алсын тусгалтай пуужин харвасантай нь холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгост шахалт үзүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын нефтийн компани Умард Солонгосоос гарах шийдвэр гаргажээ.
Улаанбаатар хотод төвтэй, нефтийн худалдаа, олборлолтын “HBOil JSC” компани 2013 оны зургадугаар сард Умард Солонгосын “Sungri” үйлдвэрийн 20 хувийг /10 сая доллар өртөг бүхий/ худалдан авсан байна. Улмаар 2014 оны тавдугаар сард тус компани Пхеньян хотод хамтарсан компани байгуулжээ.
Хуучин коммунист дэглэмтэй байсан Монгол Улс 1948 онд Умард Солонгостой харилцаа тогтоожээ. Гэвч Монголын компани ийм шийдвэр гаргаснаар ядуу, буурай Умард Солонгос олон улсын хамтын нийгэмлэгээс улам бүр тусгаарлагдаж байна.
“Буруу зам руу хазайх хэрэггүй гэсэн дохиог Монгол Умард Солонгост илгээж байна” гэж Солонгосын их сургуулийн Умард Солонгос судлалын газрын профессор Нам Санг-вук мэдэгдэв.
2009 онд үйл ажиллагаа нь зогсоод байсан “Sungri” үйлдвэрийг сэргээж, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор Умард Солонгос гадаадын хөрөнгө оруулалт татсан байна. Умард Солонгос гадаадын хөрөнгө оруулалтын түнш хайж байсан нь гурван жилийн өмнө Монголтой гэрээ байгуулснаас харагдаж байна. Цаашлаад БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах зорилготой байжээ.
Гэвч Умард Солонгосын Засгийн газар ямар нэг шалтгаангүйгээр нефть олборлох төслийг хойшлуулсаар байсан байна. Тиймээс уг төслийг үргэлжлүүлэхэд бодит үр дүн гарахгүй гэж Монгол дүгнэсэн байж болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 10 дугаар сард Пхеньянд айлчилж, Ким Ир-Сений нэрэмжит их сургуульд үг хэлэхдээ, Умард Солонгосын дарангуйллыг Монгол үүрд тэвчиж чадахгүй гэжээ. Энэ үеэс хоёр улсын харилцаа бага зэрэг хөрсөн байна.
"Дарангуйлал мөнх оршдоггүй. Энэ нь эрх чөлөөтэй амьдрах хүний хүсэл бөгөөд мөнхийн хүч юм" гэж тэрбээр үг хэлэхдээ дурджээ. Түүний энэ мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа Ким Жөн Ун илэрхийлээд, Ц.Элбэгдоржтой уулзахаас татгалзжээ.
Д.Нямтулга