Залуусын цэргийн алба хаах сонирхол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-02 14:40:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна. Одоогоор үзлэгт хамрагдсан нийт цэргийн насны залуучуудын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэгт тэнцжээ. Сүүлийн жилүүдэд залуучуудын цэргийн алба хаах сонирхол эрс нэмэгдсэн гэдгийг албаны хүн хэллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг хоёр дахь өдрөө амжилттай явуулж байна. Эхний өдөр Баруун-Урт сумын есөн багийн залуус, хоёр дахь өдөр хөдөө сумдын заолуучууд үзлэгт хамрагдлаа. Үзлэгт орж буй залуус эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх явдал урьд жилүүдэд их байсан. Энэ байдал өнгөрсөн жилээс үгүй болж, түрүү жилүүдэд тэнцэхгүй байсан залуус энэ жил тэнцээд, албаа хаана гээд ирж байгааг харахад баяртай байна. Ер нь сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах сонирхолтой залуус их болсон гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Жалбасүрэн онцлов.

Харин цэрэгт татагдсан залуусын тэнцсэн нэг нь баяртай байгаагаа илэрхийлээд, албаа нэр төртэй хаагаад ирнэ гэж байсан бол, тэнцээгүй залуучууд нь дараа жил заавал явна гэдгээ хэлж байлаа. Тэдний ярианаас үнэхээр залуусын эр цэргийн алба хаах хүсэл сонирхол нэмэгдсэн гэдэг нь ажиглагдаж байсан юм.

Тус аймаг энэ жил Баруун-Урт, Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Онгон, Уулбаян, Мөнххаан гэсэн найман сумаас цэрэг татаж байна. 

関連ニュース