Сасэбо коосен сургуулийнхан Архангайд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Японы Сасэбо коосен сургуулийн дэд захирал Макото Күрүсү болон Шинжлэх ухаан техникийн их сургуулийн багш нар Архангайд ажиллаж байна.
Тэд өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, НБХ-ийн дарга И.Амартүвшин, ХОХБТХ-ийн дарга П.Энхтайван, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат нартай уулзаж, коосен боловсролын систем, Коосен Технологийн коллежийн тухай ярилцлаа.
Коосен Технологийн коллеж нь удахгүй элсэлтээ авах гэж байгаа ба цахилгаан электроник, механик инженер, зам, барилгын инженер гэсэн ангиуддаа 14-өөс дээш настай 8-р анги төгссөн сурагчдаас оюутан элсүүлэх юм.
Сасэбо коосен сургуулийн дэд захирал Макото Күрүсү хэлэхдээ, "Манай сургуульд суралцаж төгссөн 40 монгол оюутан Япон Улсад 3-5 сая төгрөгийн цалинтай ажилд орохоор хэлний бэлтгэлд орсон. Тэд ирэх 10 дугаар сард ажилдаа орно. Японд 3-5 жил ажилласны дараа Монгол орондоо ирээд аж үйлдвэрийн салбарт ажиллах бүрэн боломжтой болно. Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг 10-20 жилээр төлөвлөн, ажиллах боловсон хүчнээ бэлтгэх нь чухал юм. Жишээ нь, танай аймгийн хүүхдүүд Японд суралцаад, туршлагатай болоод эргэж ирэхэд нь тэдний ажиллах орон зайг нь бэлдчихсэн байх хэрэгтэй. Тэгвэл танай аймгийн аж үйлдвэрийн салбар хөгжих юм" гэв.
Аймгийн удирдлагууд ч аж үйлдвэрийн салбар, цаашлаад хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах боломж байгааг дуулгаад, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Төлөөлөгчид өмнө нь Архангайд ирэхдээ голын эргээс авсан шар шавраар юм хийж болох эсэхийг шалгаж Японы Керамикийн үйлдвэрт өгсөн нь "Аяга" болж ирснийг аймгийн удирдлагуудад сонирхууллаа. Мөн шавар нь чулуулаг байх юм бол шаазан ч хийж болох юм билээ гэдгийг хэлж байв.
