Энэ намар нэг га-гаас 11 цн улаан буудай хураан авах урьдчилсан баланс гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-08 10:50:25

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас ургац хураалтын урьдчилсан балансыг тогтооход нэг га-гаас улаан буудай 11 цн буюу 10.0 мянган тн, төмс 110 цн буюу 2904 тн, тэжээлийн таримал 35 цн буюу 3800 тн, тосны таримал 7 цн буюу 455 тн, хүнсний ногоо 120 цн буюу 1512 тн ургац тус тус хураан авахаар төлөвлөж байна. 

Аймгийн ургацын комиссыг байгуулан, сумдад ургац хураалтын талаар зөвлөмж, чиглэл өгч, тариалангийн бүс нутаг бүхий сумдын талбайд очиж мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгч ажиллаж байна. Одоо ургац хураалтад ажиллах техникийн засварын ажлыг хийж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор аймгийн тариалангийн бүсийг тогтоож, ИТХ-аар батлуулсан. Тариалангийн бүсэд аймгийн 18 сумын 38 багийн нийт 134.9 мянган га, үүнээс атаршсан 34.5 мянган га, ашиглаж байгаа 22.8 га талбай байна. Энэ онд 9040 га-д үр тариа, 264.3 га-д төмс, 1097.9 га-д ногоон тэжээл, 650 га-д тосны ургамал, 126.5 га –д хүнсний ногоо нийт 11179 га талбайд тариалж, 10800 га талбайд уриншийн боловсруулалт хийжээ.

関連ニュース