Гарал үүслийн гэрчилгээгүй мал тээвэрлэсэн 16 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-30 11:30:00

Ховд /МОНЦАМЭ/. “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 16 зөрчил, хууль бусаар ан агнасан гурван гэмт хэрэг илрүүллээ гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.   

Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мал мах 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас таван чиглэлд 24 цагаар байнгын болон хөдөлгөөнт хяналтын пост ажиллуулжээ.

Ингээд хяналтын пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нийт 2521 толгой малын гарал үүслийн гэрчилгээг шалгасан. Улмаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 16 зөрчил, хууль бусаар ан агнасан гурван гэмт хэрэг илрүүлэн, шалгаж байна. 

Эрүүгийн хуулинд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Эсвэл нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.

Мөн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянга, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож, арга хэмжээ авдаг. Иймд хууль бусаар ан амьтан агнах, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэх үйлдлээс татгалзаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

関連ニュース