Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн гол, нуурын мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Одоогоор голын мөс цөмөрч автомашин осолдсон нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, 12 дугаар сарын эхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт голын мөсөнд автомашин осолдсон аж. Улмаар гурван зорчигч болон автомашиныг Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид авран хамгаалжээ.
Энэ оны 12 дугаар сарын 21‑ний өдрийн байдлаар Ховд голын мөсний зузаан
34 см, Буянт голынх 35 см, Хар-Ус нуурынх 58 см, Булган
голын мөсний зузаан 25 см байна.
Цаашид гол, нуурын
мөс улам зузаарах хандлагатай байгаа. Гэвч мөсний даац хүн, мал, машин явахад
аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй. Тиймээс иргэд хөдөлмөрчид гол, нуурын мөсөн
дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх
мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ховд аймгийн УЦУОШТ‑өөс анхаарууллаа.