Дуслын рашаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд хотын урд хэсэгт байрлах “Ямаат улаан” хэмээх ууланд Дуслын рашаан гэж бий. Тус рашаантай холбоотой домог, хууч яриаг танилцуулж байна.
1.Буянт голын хөвөөнд
хэдэн ямаатай нүд муутай нэгэн хөгшин амьдардаг байжээ. Рашаантын улаан ууланд
хэдэн ямаагаа бэлчээдэг байж. Нэг өдөр ямаанууд нь бэлчээрт яваад орой ирээгүй
байна. Нөгөө өвгөн ямаагаа хайгаад зөндөө явжээ. Явж явж ямаагаа дуслын рашааны
хажуунаас олжээ. Их ядарсан өвгөн рашаанаас ууж, рашааны усаар нүүр гараа
угаасан байна. Уг рашааны ус нь анагаах увидастай бөгөөд өвгөн ямаагаа туугаад
бууж байхад нүд нь эдгэрсэн гэдэг.
2. Ядруухан амьдралтай
нэгэн залуу ээжтэйгээ Улаан богочын ойролцоо амьдардаг байжээ. Ээжийнх нь бие
их муу байсан учир залуу рашаант улаан уулын дуслын рашаанаас домбоор рашаан
зөөж, ээждээ уулгадаг байж гэнэ. Улмаар ээж нь эдгэжээ. Залуу ээжийгээ эдгэсэнд
баярлан дуслын рашаанаас рашаан зөөн Улаан богочын рашааныг үүсгэсэн гэдэг.
Уг рашааныг ходоод,
элэг цөсөнд сайн-анагаах увидастай гэж нутгийн иргэд ярилцан, хэрэглэж байна.
Ямаат улаан уул нь Ховд
аймгийн төвөөс 3-5 км орчим зайд байрлах тул орон нутгийн иргэд, оюутан, сурагчид Дуслын
рашаан руу явган аялал хийх тохиолдол бий.