Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд ял тодорхойлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Yomiuri/. Японы Прокурорын газар тус улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнгөрсөн зун буудан хөнөөсөн Ямагами Тэцүяа гэх эрэгтэйд хүний аминд хүрсэн, хууль бусаар зэвсэг эзэмшсэн хэргээр ял тодорхойлжээ.
Ямагами Тэцүяад өнгөрсөн оны долоодугаар сараас хойш албадан хийсэн сэтгэцийн шинжилгээ нэгдүгээр сарын 10-нд дуусаж түүнийг шүүхийн өмнө хэрэг хүлээх чадвартай гэж дүгнэсэн юм.
Тэнгисийн цэрэгт алба хааж байсан Ямагами Тэцүяа өнгөрсөн оны долоодугаар сарын 8-нд Абэ Шинзог сонгуулийн сурталчилгаанд оролцон, үг хэлж байхад нь ар нуруунаас нь буудсан юм. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан урт бууг өөрөө хийж, олон дахин туршиж сайжруулж байжээ. Түүнийг хамгаалалтын албаныхан газар дээр нь барьсан.
Ямагами Тэцүяа байцаалт өгөхдөө, “Эв нэгдлийн сүм” хэмээх шашны байгууллагатай Абэ Шинзо холбоотой гэдэгт итгэлтэй байсан тул түүнийг хөнөөсөн гэж мэдүүлжээ. Түүний ээж уг сүмийн итгэгч байсан бөгөөд бүх хөрөнгөө хандивлаж, гэр бүлээ дампууруулсан байна.
“Эв нэгдлийн сүм” нь өөрийн дагагч нараас их хэмжээний мөнгө дарамтлан авдаг, түүнчлэн Японы эрх баригч Либерал Ардчилсан намын удирдлагуудтай холбоо сүлбээтэй гэдэг нь мөрдөн шалгалтын явцад ил болсон юм.
Одоогийн байдлаар уг сүмийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.