Италийн эргийн орчимд завь осолдсоны улмаас олон цагаач амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-27 09:42:24

РОМ. /BBC/. Италийн өмнөд хэсгийн эргийн орчимд нэгэн завь осолдсоны улмаас 59 цагаач, түүний дунд 12 хүүхэд амиа алдаж, олон арван хүн сураггүй болоод байна.


Завь Калабриа мужийн Кротоне хотын эргийн орчимд осолджээ. Эсэн мэнд аврагдсан хүмүүсийн ярьж буйгаар, завин дээр 150 орчим хүн зорчиж байжээ.


Осол болсон газарт очиж нөхцөл байдалтай биечлэн танилцсан Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, 30 орчим хүн сураггүй хэвээр байгааг онцолсон байна.


Амиа алдсан хүмүүсийн дунд хэдхэн сартай нярай байсан гэж Италийн “Ansa” агентлаг мэдээлжээ.


Эргийн хамгаалалтын албаныхны мэдээллээр, осол болсны дараа эрэг рүү хүрч ирж чадсан хүмүүсийг оролцуулаад 80 хүн эсэн мэнд олдсон байна.


Завь осолдох үед хэчнээн хүн сууж явсан нь тодорхойгүй байна гэж аврах албаныхан “AFP” агентлагт мэдээлсэн бөгөөд 200 гаруй хүн тээвэрлэж явсан байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа нь 60 гаруй хүн сураггүй болсон гэсэн үг юм.


Туркээс хэдэн өдрийн өмнө хөдөлсөн завинд Афганистан, Пакистан, Сомали, Ираны зорчигчид сууж явжээ. 

関連ニュース