ДУНДГОВЬ: "Үнсгэлжин" уралдаан сурагчдын сэтгэн бодох, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай алдарт уртын
дуучин Ж.Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театраас “Үнсгэлжин-2023”
уралдаан зохион байгуулж, давхардсан тоогоор 140 гаруй хүүхэд оролцжээ.
Сургуулийн сурагчдыг багаас нь сэтгэн бодох, өөрийгөө нээх, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох зорилготой тус уралдаанд Сайнцагаан сумын 5 сургууль, Гурвансайхан, Эрдэнэдалай сумын сурагчид оролцож, үндэсний болон гоёлын загвар, авангард загвараа үзүүлж, хоёр шатны шалгаруулалтаар шилдгүүдийг шалгаруулсан байна.
6-9 дүгээр ангийн сурагчдаас “Шилдгийн шилдэг загвар
зохион бүтээгч” хүүхдээр Цэгцбилиг сургуулийн сурагч О.Бадамгарав шалгарч, тус
сургуулийн сурагч Г.Ану нэгдүгээр байр, Хүмүүнлэг сургуулийн сурагч
М.Баярцэцэг, Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Э.Нямгэрэл нар удаах байрыг
эзэлжээ.
Тус ангилалд “Шилдгийн шилдэг загвар өмсөгч”-өөр Цэгцбилиг
сургуулийн сурагч Энхмэнд шалгарч, Хүмүүнлэг сургуулийн сурагч Э.Энхзул
нэгдүгээр байр эзлэн Цэгцбилиг сургуулийн сурагч Г.Ану, Эрдмийн далай цогцолбор
сургуулийн сурагч Б.Маргад нар удаалсан байна.
Харин 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд “Шилдгийн шилдэг загвар зохион бүтээгч”-ээр Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Юмчиндулам шалгарч, Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Одмаа түрүүлж, Цэгцбилиг сургуулийн сурагч Э.Даваацэрэн, Хүмүүнлэг сургуулийн сурагч Доржсамбуу нар удаалжээ.
Мөн Цэгцбилиг сургуулийн сурагч Г.Эмүжин “Шилдгийн шилдэг загвар өмсөгч”-өөр тодорч, нэгдүгээр байрт Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Баяржаргал, хоёрдугаар байрт Эрдэнэдалай сумын ЕБС-ийн сурагч Т.Оюун-Ундрах, гуравдугаар байрт Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Дэлгэрдалай нар шалгарсан байна.
“Үнсгэлжин-2023” уралдааны зохион байгуулалт, онцлогийн
талаар Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын зураач, зургийн багш О.Энх-Ундрахаас
тодруулахад “Энэ жилийн тэмцээнд оролцсон хүүхдүүдийн ур чадвар, идэвх маш сайн
байлаа. Зохион байгуулалтын хувьд ангилал гэж онцолсонгүй, үндэсний, гоёлын,
авангард гээд бүх загваруудаа хоёр шатны шалгаруулалтаар шүүсэн.
Гоёлын загварууд хамгийн олон байсан бол авангард загвар цөөхөн ч гэсэн их онцгой байлаа. Мөн эрэгтэй загвар өмсөгчид олон болсон байна. 2019 оноос хойш энэ тэмцээнийг завсарлаад энэ жил дахин зохион байгуулсан тул хүүхдүүд маш их идэвхтэй байсан” гэлээ.