Ж.Безос хувьцаагаа дахин заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-16 16:07:11

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 16 /CNBC/. Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүүлийн өдрүүдэд компанийнхаа 2.03 тэрбум долларын хувьцаагаа худалдсанаар энэ сар гарсаар нийт 6 тэрбум гаруй ам.долларын хувьцаа зарлаа.


Тодруулбал, энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт Ж.Безос Amazon компанийн 12 сая орчим ширхэг хувьцааг дунджаар 169.50 долларын үнээр арилжжээ. 


Өнгөрсөн 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн худалдааны төлөвлөгөөний дагуу хувьцааг худалдсан байна. Ж.Безос  Amazon компанийн 50 сая хүртэлх ширхэг хувьцааг зарж магадгүй гэж компанийн жилийн тайлан мэдүүлэгт дурджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаргаас даваа гаргийн хооронд мөн 2 тэрбум долларын үнэ бүхий 12 сая орчим хувьцаа, үүний өмнөх долоо хоногт мөн адил 12 сая ширхэг хувьцаа зарсан байна.


Ж.Безос Amazon-ы гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2021 оны тавдугаар сард бууснаасаа хойш компанийн хувьцааг анх удаа зарж байгаа нь энэ бөгөөд өнгөрсөн онд түүнд Amazon-ы 240 сая ам.долларын хувьцаа бэлэглэжээ.


Ж.Безос 11 дүгээр сард Сиэтлээс Майами руу нүүнэ гэж мэдэгдсэн бөгөөд ингэснээр тэрбээр сансар судлалын Blue Origin компанидаа болон сүйт бүсгүй Лорен Санчесийн гэр бүлтэй илүү ойр байх боломжтой болох юм. Мөн хувьцааны борлуулалтын татвараас хэдэн зуун сая ам.долларыг хэмнэх боломжийг олгох ажээ.


Forbes сэтгүүлийн мэдээллээр, Ж.Безос өдгөө 191.4 тэрбум долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Энэ сард хувьцаагаа худалдсаны дараа Amazon дахь 976.25 сая хувьцааных нь хэмжээ 952.26 сая болж буурчээ.

関連ニュース