Самар түүхдээ хууль зөрчсөн иргэдийг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-29 17:05:12

Увс аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар нь Мэргэжлийн хяналтын газартай хамтран Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутаг дэвсгэрээс хуш модны самар түүж бэлтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Увс аймгийн Өндөрхангай сумаас үйлдвэрлэлийн зориулалтаар, Цагаанхайрхан, Зүүнхангай сумаас ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхийг Байгаль орчны яамнаас зөвшөөрсөн байна. Гэвч Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам, ойн тухай хуулийг зарим иргэд зөрчсөөр байна. Тухайлбал, Өндөрхангай сумаас 4,5 тн самар бэлтгэсэн иргэн Н нь дээрх хуулийг зөрчсөн тул 3.6 сая төгрөгөөр торгожээ. Мөн Цагаанхайрхан, Зүүнхангай сумаас хуш модны самар бэлтгэсэн зарим иргэдээс 261кг самар хурааж улсын орлого болгон 733000 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Үүнээс гадна Ханхөхий, Хяргас нуурын УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулан 5 идэвхтэн байгаль хамгаалагчийг хуш модны нөөц бүхий газар буулгаж хяналт хийлгэхээр болж, урамшуулал олгосон байна. Одоогоор дээрх гурван суманд хуш модны самар түүх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор байгаль орчны байцаагч нарыг байнгын эргүүлд гаргаж байна.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース