Хятадуудын аяллын зардал цар тахлын өмнөх түвшнээс давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-19 15:44:15

БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /BBC/. Хятадад хаврын баярын үеэр аялал жуулчлалд зарцуулах зардлын хэмжээ цар тахлын өмнөх үеийнхээс давсныг албан ёсны тайлан мэдээлэл харуулжээ.


Тодруулбал, дотоодын аялал жуулчлалын зардал 632.7 тэрбум юаньд /87.96 ам.тэрбум доллар/ хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар өссөн байна. Хятадад цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хязгаарлалтуудыг 2023 оны эхээр цуцалсан юм.


Энэ оны хувьд баярын амралтын хугацаа ердийнхөөс нэг хоногоор урт байсан нь дээрх үзүүлэлтийг өсөхөд мөн нөлөөлжээ. Ням гарагт дууссан найм хоногийн амралтын хугацаанд дотоодод 474 сая гаруй зорчигч зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 34 хувиар , цар тахлын өмнөх буюу 2019 оныхоос 19 хувиар илүү үзүүлэлт юм.


Гэхдээ холбогдох байгууллагууд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаагүй байгаа хэдий ч албан ёсны тоо баримтад үндэслэсэн тооцоогоор аялал бүрийн дундаж зардал 2019 оныхтой харьцуулахад 9.5 орчим хувиар буурсан байна. Энэ нь хэрэглээ буурах хандлага хэвээр байгааг” харуулж байна гэж АНУ-ын Goldman Sachs группийн шинжээчид дүгнэжээ.


Хятадад хаврын баяр гэгддэг энэхүү баярын үеэр дэлхийн зорчих хөдөлгөөний хамгийн том давлагаа эхэлдэг. Уламжлал ёсоор олон зуун сая хүн гэр бүл, хамаатан садантайгаа уулзахаар төрөлх нутгаа зорьдог бол зарим хүмүүс дурсгалт газруудыг үзэж сонирхдог байна. Харин цар тахлын үеэр томоохон баяр ёслолуудыг цуцалж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байсан билээ.


Хаврын баярын зардал өссөн нь хэд хэдэн сорилттой тулгараад буй дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд ховорхон сайн мэдээнүүдийн нэг болж байна. Бээжин сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, экспорт сул, дефляц зэрэг ноцтой асуудлуудтай тулгараад байгаа юм.


Үүний зэрэгцээ гадаадын бизнес эрхлэгчдийн Хятадад оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээгээр нэмэгдсэнийг ням гарагт нийтэлсэн албан ёсны тоо баримт харуулсан байна. Хятадын Гадаад валютын ерөнхий газрын мэдээлснээр, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1993 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ.

関連ニュース