Мөнгө нэхсэн багш нарт хариуцлага тооцож, эмч нарын ёс зүйг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-02 07:10:15

Өнгөрсөн 7 хоногт Өвөрхангай аймгийн Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 36 иргэн ханджээ. Тэдгээрийн ихэнх нь Боловсрол, соёл урлагийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байна.

Тухайлбал хичээлийн жил эхлээд удаагүй байхад багш нар сурагчдаас мөнгө нэхсэн гэх асуудал байнга гарч байгаа ба цэцэрлэгийн хүүхдээс шинэ ор хөнжлийн даавууны мөнгө нэхсэн, бага ангийн сурагчдыг биеийн тамирын хувцсаар жигдлэх нэрийдлээр уг хувцсыг зарсан, үдийн цайны аягыг нэг өнгө, хэлбэртэй байлгах, анги танхимдаа эд хэрэгслэл авч өгөхийг шаардсан зэрэг асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Шуурхай хурлаар хэлэлцэж, тухайн багш нарт хариуцлага тооцохыг Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж нар шаардлаа.

Мөн үйлчлүүлэгчдэд хүнд суртал гаргасан, ёс бусаар харилцсан БОЭТ-ийн эмч, ажилчдын ёс зүйтэй холбоотой санал, гомдлын хүрээнд ажлын хэсгийг байгуулж шалгахаар болсон байна. Нарийн мэргэжлийн эмч нар олддоггүй гэх шалтгааны дор “том “толгой”-той болсон эмч нарт зохих үүргээ хариуцлагатай үүрэхийг шаардах цаг болсон гэдгийг аймгийн Засаг дарга хэллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

関連ニュース