Агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллого хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл хийлээ.
Баруун-Урт хотод 27 хүний, хөдөөгийн 12 суманд 4-8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Тооллогоор ердийн галлагаатай 10кВт хүртлэх хүчин чадалтай айл өрхийн зуух 6822, үүнээс гэрт галладаг 4026, байшинд галладаг 2796 өрх байна. Нийт өрхийн 4091 буюу 59,9 хувь нь ердийн зуухтай, 97 өрх буюу 1,4 хувь нь сайжруулсан зуухтай, 2346 өрх буюу 34,4 хувь нь ханан пийшин, 288 буюу 4,2 хувь нь усан халаалттай зуухтай бөгөөд жилд нийт 45403 тонн түлш хэрэглэжээ. Ердийн галлагаатай зуухны тоо өнгөрсөн онуудтай харьцуулахад буурсан нь төвлөрсөн уурын зууханд холбогдсон мөн гэрийн цахилгаан халаагуур ашигладаг болсонтой холбож байна.
Харин агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр аймгийн хэмжээнд 17084 автомашин тоологдсон байна. Үүний ихэнх нь Баруун-Урт суманд буюу 6311 машин 36,9%, бусад суманд 2,5-7,5 %-д тоологдсон байна. Хөдөлгөөнт эх үүсвэр өнгөрсөн онтой харьцуулахад 352 автомашин буюу 2,1,-%иар өссөн байна. Сум тус бүрээр задалж үзвэл Баруун-Урт суманд 733 автомашинаар буурч, бусад суманд 2-172 автомашинаар өссөн байна. Хамгийн ихээр Сүхбаатар суманд 172, Эрдэнэцагаанд 165, Уулбаянд 129, Мөнххаанд 155, Түмэнцогт суманд 135 автомашинаар өсчээ.
Цаашид Гэр хорооллыг зохистой байрлуулах, сумын төв, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дэс дараатай авч хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг эртнээс хангуулах, Дулааны станц, том оврын уурын зуухны үнс, утаа цэвэрлэх, шүүх төхөөрөмжтэй болгох, Зөвхөн тухайн нэг байгууллагыг халаах зориулалттай үр ашиг багатай жижиг зуух барих явдлыг зогсоох, Коксон түлш, үртсэн шахмал түлш, хий, дизель зэргийг хэрэглэдэггүй цаашид хэрэглэх, шахмал түлш хийдэг үйлдвэртэй болох арга замаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.
Монгол Улсын “Агаарын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/181 дүгээр тушаалаар батлагдсан “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны А/369 тоот захирамжийн дагуу дээрх ажлыг хийсэн юм.
Т. Одончимэг