Хот хоорондын тээвэрт зөрчил гарах нь буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 13:12:34

Улаанбаатар, Өлгийн хооронд зорчигч тээвэрлэдэг нэг автобус дүрмэнд заасан хэмжээнээс долоон хүнийг илүү суулгаж явсан зөрчлийг Баян-Өлгий аймгийн авто тээврийн газар саяхан илрүүлээд журамласан байна.

Хувийн ашиг хонжоогоо л бодон стандартыг зөрчиж 28 суудалтай автобусанд сандал нэмж тавиад 36 болгосон, 16 сандалыг нь авч хаяад зорчигчдын хамт ачаа ачих, 5-6 хүнийг ачаан дээр суулгах зэрэг зөрчил энэ чиглэлийн автобуснуудад гэм биш зан болсон байна. Зорчигчийн билет бичүүлэхээс авахуулаад Өлгийгээс гарч явах хүртэл нь тус байгууллагаас хяналт шалгалт хийж, шаардлага тавьдаг болсон ч Улаанбаатар хүртлэх зам дундын хяналт сул байдгийн улмаас ийм явдал зорчигчдын тав тухыг алдагдуулж, осол гарах нөхцөлийг бий болгодог учир уг зөрчлүүдийг зарим зорчигчид утсан холбоогоор мэдэгдэн өөрсдөө гомдол мэдүүлдэг болсон гэнэ.

Иймд нийт аймгийн тээврийн хяналтын байгууллагууд үүргээ жигд биелүүлэн хариуцлагатай ажиллахыг олон түмэн хүсч байна.

Ш.Айзаря

関連ニュース