Хүүхдийн тасаг өвчтөнөөр дүүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 09:49:02

Баян-Өлгий аймагт томуу ханиад, улаан бурхан зэрэг вирусын төрлийн өвчин тархалттай байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч К.Аяужан энэ тухай өгсөн тайлбартаа, Манай тасаг бол гуравхан эмчтэй. Нэг нь Оросын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд байгаа. Өдөрт 35-40 хүүхэд, ихэнх нь 0-1 насны, хөдөө сумдаас их ирж байгаа учир дөч орчим ортой тасаг дүүрээд байна. Байр давчуу, ор цөөхөн. Хүч хүрэлцэхгүй байна. Эцэг эхчүүд, хөдөөний эмч нар хариуцлагатай ажилламаар юм. Ихэнх хүүхдийг хүндэрсэний дараа ирүүлдэг. Улаанхус, Цэнгэл сумдад улаан бурхан ихтэй байгаа тул тэнд нь хорио цээр тогтоогоод арга хэмжээ авбал дээр. Хүүхдүүдэд амин дэм, илчлэг сайтай хоол хүнс, цэвэр агаар маш их хэрэгтэй. Бас зарим хүүхэд хүндэрсний улмаас энд ирэнгүүтээ эндэж байна. Хүндрэлтэй ирсэнийг нь эмчилж эдгээх амаргүй. Зарим айлууд мөнгөгүйн улмаас бичиж өгсөн эмийг авч чадахгүй өвдсөн хүүхдээ хүндрүүлдэг байна. Вирусаас урьдчилан сэргийлдэг шинэ төрлийн эмүүд ч байдаг. Эцэг эхчүүдийн гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэгийг ч дээшлүүлмээр байна. Дутуу төрөлт, зүрхний согог, тархины даралттай, үе мөч нь эрэмдэг зэрэмдэг төрөлт ч бий. Зарим хүүхэд телевиз, гар утас, компьютер хэт удаан ашигласнаар хамар ам нь муруйх зэрэг мэдрэлийн согогт өртдөг болсон. Энэ аймагт хүүхдийн тусгай эмнэлэг бий болгосон цагт бид бүхний ажил зүй ёсны дагуу явагдах болно гэж ярилаа.

Ш.Айзаря

関連ニュース