Л.Пүрэвсүрэн сайд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-28 16:41:41

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай албан ёсны хэлэлцээ хийж, Төв Банкны дэд Ерөнхийлөгч Голамали Камяб, Хөдөө аж ахуйн сайд Мохаммед Ходжати, Газрын тосны сайд Бижан Занганех нартай уулзав.

Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Иран Улстай хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, спорт, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Үүний дотор ирэх 2016 онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийг ойг хамтдаа ёс төгөлдөр тэмдэглэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан солилцох, монголын мах, махан бүтээгдэхүүнийг Иранд экспортлох, цөлжилттөй тэмцэх салбарт хамтран ажиллах, ираны уул уурхай, газрын тосны салбарын туршлагаас суралцах зорилгоор Иранд богино хугацааны сургалтад монголын мэргэжилтэн нарыг хамруулах, Иранаас газрын тос импортлох боломжийг хамтран судлахаар тохиров.

Талууд хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч, хамтарсан бизнес форум, үзэсгэлэн худалдаа гаргахаар тохиролцов.

Холбоотой мэдээ