Саудын Арабын ЭСЯ-нд халдсаныг НҮБ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2016-01-05 14:57:48

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Лалын шиитийн санваартныг цаазаар авсны дараа Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд жагсагчид халдсаныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эрс буруушаав.

Санваартан Нимр аль-Нимрийг цаазаар авсан тухай Аюулгүйн зөвлөлийн мэдэгдэлд дурдаагүй байна.

Элчин сайдын яаманд нь халдаж, гал тавьсны дараа Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалсан юм.

Хурцадмал байдлаа намжаахыг Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус даваа гарагт хоёр улсад уриалж, Ойрхи Дорнод “аль хэдийн хурцадмал байдалд” байгааг сануулжээ.

Саудын Арабын илгээсэн захидлын хариуд, Тегеран дахь тус улсын Элчин сайдын яаманд болон Мешхед хот дахь Консулын газарт халдсаныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл буруушаав.

“Олон улсад хүлээсэн үүргээ бүрэн хүндэтгэж, дипломат болон консулын өмч хөрөнгө, бие бүрэлдэхүүнийг хамгаалахыг” Ираны эрх баригчдад Аюулгүйн зөвлөл уриалжээ.

Гэсэн хэдий ч, терроризмтой холбон буруутгаж, лалын шиитийн санваартан шейх Нимр аль-Нимрийг бусад 46 хүний хамт цаазаар авсан тухай Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдэлд дурдаагүй байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ