Цэцийн хуулиар маргаан үүсгэн шалгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-21 11:46:45

УИХ-аас баталсан Монгол  Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж шалгаж эхэллээ. 

Монгол  Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ энэ долоо хоногийн мягмар гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. 

Цэцийн үйл ажиллагаа, гишүүдийн тэтгэврийн нас зэрэг асуудлыг шинээр зохицуулж өөрчилсөн уг хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн байна.

Тиймээс эдгээр мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж эхлээд  байгаа аж. Маргааныг шалгаж дуустал дээрх хуулийн заалтуудыг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг уламжилсан албан бичгийг Монгол Улсын  Үндсэн хуулийн цэцийн дарга  өчигдөр УИХ-ын удирдлага болон Тамгын газарт мөн илгээсэн байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ