Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-27 12:47:00

 УИХ-ын дарга З.Энхболдод Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.27/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоож, үүнээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Олон жил ашигласан уурхайн дэргэдэх ашигт малтмалын хүдрийн овоолго, хаягдлыг дахин ашиглах үйл ажиллагааг төрөөс хөхиүлэн дэмжих шаардлагатай байгаа талаар УИХ-ын даргад танилцуулсан юм. 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүсэн ба нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайнуудын ашиглалтын явцад ч ихээхэн хэмжээний хаягдлын овоолго хуримтлагддаг байна. Алт, газон шар зэрэг ашигт малтмалын зарим ордыг нэлээд олон жилийн өмнө ашиглахдаа техник, технологийн хүчин чадлаас хамааран үүсмэл орд бий болдог бөгөөд ийм нөхцөлд түүнийг дахин ашиглах, үнийн өсөлттэй байгаа үед нь аж ахуйн эргэлтэд яаралтай оруулах асуудал зүй ёсоор тавьж байгаа аж. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг судалсан бөгөөд Канад Улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байна.
Ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин боловсруулснаар нөөц ашиглалтыг сайжруулж, шинээр болон нэмэлт хайгуул хийх зардлыг бууруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлого өсч, ажлын байр бий болох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ