Курдууд Сирийн энхийн хэлэлцээнд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-28 11:54:53

ЖЕНЕВ. /NHK/. Сири дэх курдын тэргүүлэх бүлэг НҮБ-ын дэмжлэгтэй энхийн хэлэлцээнд оролцохгүй.  

Хэлэлцээ баасан гарагт Женев хотноо болох бөгөөд Сирийн мөргөлдөөнийг зогсоох асуудлыг хэлэлцэнэ. НҮБ уг хэлэлцээнд Сирийн Засгийн газрын болон Засгийн газраа эсэргүүцэгч хүчний төлөөлөгчдийг урихаар төлөвлөж байна.

ОХУ Курдын намыг урих саналыг дэмжиж байгаа бөгөөд Турк, Саудын Араб эсэргүүцсэн байна.

Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус лхагва гарагт радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, тус намд урилга илгээгээгүй гэж НҮБ-ын тусгай эрхт төлөөлөгч Стаффан де Мистур хэлснийг уламжилжээ. ОХУ-ын Засгийн газар болон бусад байгууллагууд энэ асуудлаар тайлбар хийгээгүй байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, энхийн хэлэлцээг эхлүүлэх гол түлхүүрүүдийн нэг бол холбогдох улс орнуудын хоорондын сөргөлдөөнийг багасгах, тэрчлэн засгийн газраа эсэргүүцэгч хүчнүүдийн доторх маргааныг шийдвэрлэх явдал юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ