Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухалд санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-19 18:41:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдвээр "Blue sky" зочид буудлын хурлын танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр хүүхдэд зүй зохисгүй контент хүргэхээс сэргийлэхэд байгууллагууд болон бүх нийтийн оролцоо чухал гэдэгт санал нэгдэв.


Тус хэлэлцүүлэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд, ХЗДХЯ, ЦЕГ, болон цахим үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлүүдээс 90 гаруй төлөөлөл оролцлоо.


Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, “Инернэт орчинд хүүхэд зохисгүй мэдээ мэдээллийг авч байгаа боловч цахим орчин хүүхдэд маш их өргөн боломж өгдгийг мартаж болохгүй. Тэдгээр боломжуудыг зөв хангах, эрсдлээс хамгаалах, интернэтийг зөв ашиглаж сурах нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай. Үүнд Мэдээлэл харилцаа технологийн салбар чухал үүрэгтэйг онцлон хэлье. Монгол Улс энэ тал дээр анхаарч тодорхой олон ажлууд хийж эхлээд байгаа нь сайшаалтай” гэв.


ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан, “ЕБС-ийн сурагчдын 94 хувь нь ухаалаг утас ашиглаж, чөлөөтэй интернэт хэрэглэдэг. Тэд цахим орчинд  танихгүй хүнтэй харилцсанаас гэмт хэргийн золиос болох эрсдэлд ордог.  Тиймээс зөв зохистой интернэт хэрэглээг бий болгох нөлөөллийн ажлыг хийж ирлээ. Тухайлбал, 700 гаруй ЕБС-д интернэтийн зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулж, хар жагсаалт фэйсбүүкийн бүлэгт хандсан иргэдийн мэдээллийн дагуу хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц, садар самуун сурталчилсан, зүй зохисгүй агуулгатай контент оруулсан 50 гаруй хуудсыг хаах арга хэмжээ авсан” гэлээ. 


Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газраас эрхлэн ажилуулдаг хүүхдийн тусламжийн тусгай утсанд 2016 оны байдлаар цахим сүлжээтэй холбоотой 58 дуудлага ирж байсан бол одоогоор 240 болж нэмэгдсэн нь цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал нэн чухал болохыг харуулж байна. Тусгай утсанд ирсэн цахим гэмт хэргийн шинжтэй дуудлагыг ЦЕГ-т хүргүүлдэг байна.


Тус хэлэлцүүлгээр интернэт болон цахим орчинд хүүхэд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдлаас урьдчилан сэргийлэхэд санал бодлоо солилцон цаашид хэрэгжүүлэх чиглэлээ боловсруулах юм.


Холбоотой мэдээ