Ахмадын өдрийг “Та бодит сайн сайхныг илүү настай хүнээс мэдэрнэ” уриатай тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Геронтологийн үндэсний төвөөс өнөөдөр “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлын тайлангаа танилцууллаа.
Тус төвөөс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2013 онд батлагдсан “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Жил бүрийн 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих cap” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд настнуудын дунд “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын тэмцээн, орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд "Геронтологи гериатрийн үндэс”, сургалт, эмч мэргэжилтнүүдэд зориулсан хүндэтгэлийн лекц, настнуудын дунд явган алхалт зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Олон улсын ахмадын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр ахмадуудад учирч буй хүндрэл бэрхшээл болон тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэж эхэлснээс хойш 28 жил болж байна. Эл өдрийг 2018 онд “Та бодит сайн сайхныг илүү настай хүнээс мэдэрнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг НҮБ-аас гишүүн улс орнууддаа уриалсан. Энэ нь залуу үе настнуудын хийж бүтээсэн зүйлээр бахархах, үлгэр дууриал авах, настан залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ДЭМБ-ын мэдээгээр 2015-2050 онд 60-аас дээш насны ахмад настан дэлхийн хүн амын 12-22 хувь болж нэмэгдэхээр байна. 2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос давна. 2050 он гэхэд настай хүмүүсийн 80 хувь бага болон дундаж орлоготой оронд амьдрах төлөвтэй байна. Насжих явц өмнөх он жилүүдээс илүү хурдацтай, дэлхийн бүх оронд дээрх хүн амын шилжилтэд эрүүл мэнд, нийгмийн тогтолцоо бэлэн байх эсэх нь хүндрэлтэй асуудал болж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 3.2 сая болж өмнөх оноос 1.9 хувиар өссөн байна. 2006-2016 онд ахмад буюу 55-59 насныхны нас баралтын түвшин 3 пунктээр буурч, цаашид үргэлжлэн амьдрах хугацаа 2006 онд 11.4 жил байснаа 2016 онд 13.9 болж 2.5 жилээр хойшилжээ. Дээрх тоо баримтаас үзэхэд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд зөвхөн настанд зориулсан үйл ажиллагаа төдийгүй байгууллага хамт олныг настны эгнээнд шилжихэд бэлтгэх, хамт олныг идэвхжүүлэх, эрүүл чанартай урт наслахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага урган гарч буйг мэргэжилтнүүд хэлж байна.