Баялаг бүтээгчид зээлийн хүүг бууруулж татварын хөнгөлөлт үзүүлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-29 13:19:07

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс санхүүгийн дэмжлэг болон татварын хөнгөлт үзүүлэхийг хүсч буйгаа өнөөдөр болсон “Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн”-ий үеэр  илэрхийллээ.

Уг зөвлөгөөнийг Хөдөлмөрийн яам, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1400 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцлоо.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайд тулгуурлан хөгжиж ирсэн. Дэлхийд уул уурхайн түүхий эдийн үнэ унасан нь Монгол Улсийн эдийн засгийн хүндрэлд голлон нөлөөлж байгаа билээ. Тиймээс баялаг бүтээгч буюу жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжих чиглэлд анхаарах нь зөв хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зөвлөгөөний нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд 1 их наяд гаруй төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан байна. Энэ мөнгөөр маш их бүтээн байгуулалт хийх боломжтой байсан. Энэ бол төрийн харалган бодлогын уршиг юм. Харин 2012 оноос хойш бид алдаагаа залруулж эхэлснээр 1000 гаруй үйлдвэрийн суурь тавьсан. Энэ нь гадагшаа урсах валютын урсгалыг “хазаарласан”.

Улс орны эдийн засгийг пирамидаар зүйрлэвэл хамгийн их ажлын байр бий болгодгоороо жижиг дунд үйлдвэрлэл суурь нь болох юм. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлээ мөнгөжүүлэх шаардлагатай хэмээн үзэж, Хөдөлмөрийн яамны зүгээс Монголбанк болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, өрхийн бизнес эрхлэгчдэд нийт 50 тэрбум төгрөгийн зээл олгох нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Энэ оны 4 дүгээр сараас энэхүү зээл иргэдийн гарт хүрэх юм.

Цаашдаа төрөөс жижиг, үйлдвэрлэл эрхчлэгчдээ дэмжихэд гол бодлогоо чиглүүлэн ажиллах болно” хэмээв.

Төрөөс томоохон аж ахуйн нэгжийг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталдаг ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн бодлого орхигддог талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа.

Тухайлбал, Жижиг дунд, үйлдвэрүүд ажлын байр олноор бий болдог ч чадварлаг боловсон хүчнээр дутагдаж байгааг хэлж байв. Томоохон аж ахуйн нэгжүүд боловсон хүчнээ гадаад ад бэлтгэж, түүнд нь төрөөс дэмжлэг үзүүлдэг. Харин жижиг, дунд үйлдвэрүүд санхүүгийн боломжгүйн улмаас мэргэжилтнээ гадаадад бэлтгэх боломж гардаггүй байна. Тиймээс баялаг бүтээгчид төрөөс их, дээд сургуулиудын боловсон хүчин бэлтгэх бодлогод анхаарч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа аж. Баялаг бүтээгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад зээлийн сангийн хүү 7-10 хувийн хүүтэй байгаа нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн томоохон дарамт болдгийг хэлээд, зээлийн хүүг бууруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ