А.Ардахгүл улсын аварга тогооч шалгаруулах уралдаанаас мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-10 19:49:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Монголын тогооч нарын холбоо"- ны 25 жилийн ойн баярыг угтан энэ сарын наймны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Улсын аварга тогооч" шалгаруулах 37 дахь удаагийн уралдаанд Баян-Өлгий аймгийн "Толганай" рестораны тогооч А.Ардахгүл Ази хоолны төрлөөр мөнгөн медаль хүртжээ.

Харин Өлгий сумын зургадугаар цэцэрлэгийн тогооч С.Майрагүл эмчилгээ, сувилгааны хоолны төрлөөр тусгай байрны шагналын эзэн болсон байна.

Дээрх уралдаанд манай улсын 21 аймаг, нийслэлээс нийтдээ 400 гаруй, Баян-Өлгий аймгаас долоон тогооч оролцжээ. Харин тус аймгийн тогоочдын хувьд улсын аварга шалгаруулах уралдаанд оролцож медаль хүртсэн анхны тохиолдол болсон ажээ.

Дашрамд хэлэхэд, тус аймагт хоол үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан тогоочид ур чадвараа сайжруулах асуудалд анхаарч байна. Тухайлбал, аймгийн хоол үйлдвэрлэгчдийн "Галайхан" холбооноос "Тогоочдын аймгийн аварга шалгаруулах уралдаан"-ыг өнгөрсөн тавдугаар сард Өлгий хотноо амжилттай зохион байгуулж байсан юм.

Холбоотой мэдээ