Энэ онд Увс аймагт ЖДҮ хөгжүүлэх сангаас нэг ч хүн зээл аваагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-24 19:40:21


   Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас сүүлийн жилүүдэд олгогдсон санхүүжилт болон зээл авсан иргэдийн талаарх мэдээллийг холбогдох албаны хүнээс тодрууллаа. 2013-2015 онд аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгогдсон санхүүжилтын хүрээнд нийтдээ 53 аж ахуйн нэгж зээл авсан ба үүний эргэн төлөлт дуусч байгаа аж. Харин энэ онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Увс аймагт нэг ч төгрөгийн санхүүжилт орж ирээгүй тул нэг ч хүн зээл аваагүй байна.

2013-2015 онд аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг харахад нийтдээ 53 иргэнд 1 тэрбум 685 сая төгрөгийн зээл олгосны эргэн төлөлт дуусах шатандаа орсон. Одоогоор зээлийн  үлдэгдэл 473 сая төгрөг байна. Тэгвэл 2016 онд санхүүжилт ирээгүй тул зээл авсан иргэний мэдээлэл байхгүй байгаа. 2017 оны тухайд  ЖДҮ-ийг хэгжүүлэх сангаас “Хүмэн нэгдэл” компани мах боловсруулах үйлдвэр барихаар 1.6 тэрбум төгрөг, Хархираан хөгжил” компани сүү боловсруулах үйлдвэрийн чиглэлээр нэг тэрбум төгрөг, “Тэргүүний малчин” компани талх нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлэр 180 сая төгрөгийн зээл авсан. Харин энэ онд аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх санд санхүүжилт олгогдоогүй учир зээл авсан иргэн мөн л байхгүй” хэмээн аймгийн ХХААГ-ын ЖДҮ, хоршоо, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан ажилтан Л.Дариймаа хэллээ.

2016 оноос хойш ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл ийнхүү тус аймагт ирээгүй гэдэг шалтгаанаар үйлдвэрлэл эрхлэгчид зээл авч чадалгүй өдийг хүрчээ. Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө очих ёстой хүмүүстээ очолгүй, харин эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн идэш ууш болсонд иргэд дургүйцэж байна.

Холбоотой мэдээ